Сэтгүүлч Т.Шинэбаярыг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат хууль эрх зүйн орчны талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр сэтгүүлчийг цагдан хорьсон шүүхийн шийдвэр ямар үндэслэлээр гарсныг нягталж харах хэрэгтэйг дурдаад, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ёстойг онцоллоо. Д.Ганбат гишүүн 2015 онд Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн ажлын хэсгийг ахлан ажиллаж байхдаа барьж хорихоос өмнө асуудлыг шийдвэрлэх, шоронгийн ачааллыг бууруулах бодлого баримталж байсныг сануулсан юм. Одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай (процессын) хууль нь МАН-ын олонхын үед батлагдсан бөгөөд үүнээс үүдэлтэй асуудлууд гарч байгааг тэрбээр шүүмжлэв.
Мөн тэрбээр сэтгүүл зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэхдээ, сэтгүүлчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч гүтгэх, шантаажлах, захиалгат мэдээлэл тараах зөрчил гаргаж болохгүйг санууллаа. Өнөөдөр зарим эрх мэдэлтнүүд болон авилгачид өөрсдөө шантаажны сэтгүүлчдийг санхүүжүүлэн бий болгочихоод, эргээд тэдэндээ барьцаалагдан ажиллаж байгаа нь буруу тогтолцоо гэдгийг онцолсон юм. Энэ мэт асуудлыг олон улсын жишгээр зөв зохицуулж, Сэтгүүлчдийн нэгдсэн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагад нь шаардлагатай эрх хэмжээг нь өгөх нь зүйтэй гэдгийг тэрбээр нэмж хэлэв.
Түүнчлэн нийгэмд жинхэнэ сэтгүүлч болон лайвчин, инфлүүнсерүүдийн зааг ялгаа сайн гарахгүй байгааг дурдаж, иргэдийн мэдээлэлд хандах шүүмжлэлт сэтгэлгээ, боловсрол дээшилж, бодит мэдээллийг ялгаж салгадаг болж байгаад эерэг сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийллээ.



