"Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор толилуулж буй “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ.
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр хэлсэн үгэндээ, Чингис хаан бол дэлхийн түүхэнд тодорсон хамгийн нөлөө бүхий хүчирхэг удирдагчдын нэг гэдгийг онцоллоо. Өргөн уудам газар нутгийг нэгтгэн эзэнт гүрэн байгуулж, төрийн удирдлага, засаг захиргааг бүрдүүлэн хүчирхэг армийг бий болгосон Чингис хааны түүхэнд үлдээсэн тод мөр өнөөдөр ч дэлхий даяар хүмүүсийн сонирхлыг татсаар байгааг тэмдэглэлээ. АНУ-ын “Вашингтон пост” сонин 1995 онд Чингис хааныг мянганы хүнээр нэрлэсэн бөгөөд монголчуудын ертөнц Чингис хаантай салшгүй холбоотой гэж үздэгээ хэлсэн юм. Тус үзэсгэлэнгийн үеэр түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр:
Түүх огт өөрөөр ч өрнөж болох байлаа. Түүхэн үйл явдлууд өнөөгийн бидний мэдэх тэр замаар өрнөхөд санамсаргүй тохиолдол, урьдчилан таамаглахын аргагүй нөхцөл байдал их нөлөөлдгийг бодож үзвэл энэ нь энгийн боловч маргашгүй үнэн юм. Түүхийн олон чухал мөчийг эргэн харахад хэрэв тухай үйл явдал өөрөөр өрнөсөн бол юу болох байсан бол үүний үр дүнд түүхийн цаашдын өрнөл хэрхэн өөрчлөгдөх байсан бол хэмээн асуухад хүрдэг. Тухайлбал, 13р зуунд монголчууд баруун болон өмнөд зүгт байлдан дагууллаа үргэлжлүүлсэн бол Ромын эзэнт гүрний хувь заяа хэрхэн эргэх байсан бол. Хэрэв 1241 оны Лигницийн тулалдаан монголчуудын байлдан дагууллын баруун хязгаар болоогүй бол Европын түүх хэрхэн өөрчлөгдөх байсан бол. Өнөөгийн Польшийн нутагт орших Лигнчиц хот Берлинээс ердөө 240 км зайтай. Герман өнөөгийн Монголоос 6000 км-ийн зайд оршдгийг бодвол энэ нь тун ойрхон гэсэн үг. Түүх хэрэв тэгсэн бол, юу болох байсан бол хэмээн төсөөлөн эргэцүүлэх нь заримдаа өнгөрсөн үйл явдлын учир шалтгаан ач холбогдлыг илүү тодорхой ойлгоход тусалдаг. Энэ тохиолдолд ч бид нэг чухал зүйлийг олж харж байна. Бид даяаршлын нөлөөгөөр дэлхий улам бүр ойртон нягтарч нэгэн тосгон мэт болж алс холд өрнөж буй үйл явдал ч эрт орой хэзээ нэгэн цагт бидний амьдралд нөлөөлдөг тухай ярьдаг. Европын түүхэнд дундад зуун хэмээн нэрлэгддэг тэр үед ч дэлхий ертөнцийн харилцан хамаарал зарим талаар өнөөгийнхөөс төдийлөн ялгаагүй байжээ.
Европоос олон мянган км-ийн алсад, дэлхийн нөгөө өнцөгт нэгэн хүчирхэг удирдагч тодрон гарч ирсэн юм. Тэрээр өргөн уудам газар нутгийг нэгтгэн эзэнт гүрэн байгуулж төрийн удирдлага, засаг захиргааг бүрдүүлэн хүчирхэг арми байгуулж байлдан дагуулах эрх мэдлээ тогтоох няцашгүй хүсэл зоригийг бий болгожээ. Чингис хаан бол дэлхийн түүхэнд тодорсон хамгийн нөлөө бүхий хүчирхэг удирдагчдын нэг юм. Түүний байлдан дагуулалт бүхэл бүтэн соёл иргэншил өргөн уудам газар нутаг сүйрэлд өртөж тоо томшгүй олон хүн амиа алдсан. Түүхэнд гүн мөрөө үлдээсэн Чингис хааны мөр өнөөдөр дэлхий даяар хүмүүсийн сонирхлыг татсаар байна. Америкийн вашингтон пост сонин 1995 онд чингис хааныг Мянганы хүнээр нэрлэжээ. Түүнгүйгээр Ази, Зүүн Европын түүх их өөрөөр өрнөх байсан. Түүний байгуулсан их нэгдэл, түүхэн үйл хэргийг авч үзэлгүйгээр бидний нээж буй энэ үзэсгэлэнгийн гол сэдэв болох Монголчуудын ертөнцийн тухай ярих боломжгүй. Миний судалж мэдснээр монголчуудын ертөнц, чингис хаан салшгүй холбоотой. Энэхүү үзэсгэлэн чухам Германы нийслэл Берлинд зохион байгуулагдаж байгаа нь огтхон ч санаандгүй хэрэг биш.
Манай хоёр орны Археологийн салбарын нягт, үр бүтээлтэй хамтын ажиллагаа 1999 оноос эхэлсэн түүхтэй. Эрхэм хүндэт профессор Флесс ээ арван хоёр жилийн өмнө бид Монголын эртний нийслэл Хархорум хотод хамтарсан археологийн малтлага хадгалах хамгаалах ажлыг эхлүүлж шинэ үе шатыг нээсэн. Хоёр жилийн өмнө манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын энэ үеэр энэ том үзэсгэлэнг хамтран зохион байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан. Ийнхүү ажил хэрэг болгохын төлөө тууштай, идэвхтэй ажилласан эрхэм профессор Вемхофф, Чингис хаан үндэсний музейн захирал, профессор С.Чулуун нарт онцгойлон талархал илэрхийлмээр байна. Энэ ажил миний бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө хэрэгжиж энэ үзэсгэлэнг өөрийн биеэр үзэж танилцаж байгаадаа туйлын баяртай байна. Үзэсгэлэнг үзэж буй хүн бүр цаг хугацаа орон зайг туулан алсын аялалд гарч байна. Биднийг дэлхийн нөгөө хязгаарт олон зуун жилийн тэртээх түүхтэй танилцуулж нийгэм, төрийн зохион байгуулалт хамтын амьдралын хэв маяг соёлын гайхамшигт бүтээлүүдээр дамжуулан дахин дахин гайхшруулж байна. Гэвч энэ бүхэн нь тиймч танил бус биш санагдаж байна. Энэ үзэсгэлэнгээр Чингис хааны байгуулсан түүхэн ач холбогдол бүхий Хархорум хотын үүсэл хөгжилд зориулсан хэсэгт 1253 оны орчим тус хотод очиж байсан Европын нэгэн аялагчийн тэмдэглэлтэй танилцах боломж бүрдсэн нь сонирхолтой байх болноо. Францискан шашны ламын тэмдэглэл бидэнд тухайн үеийн амьдралыг нүдээр харж буй мэт мэдрэмж төрүүлдэг. Өөрийн харж ажигласан зүйлсээ танил бус ертөнцийн гоо үзэсгэлэн сүр жавхланг Европ хүний дээрэнгүй хандлага, өрөөсгөл хандлагагүйгээр чин сэтгэлээсээ бахдан бичиж үлдээжээ. Эндээс бид нэгэн чухал дүгнэлт хийж болно. Дэлхийн аль ч соёл иргэншил хүн төрөлхтний оршин тогтнол амьдралын тухай бусдад ойлгуулж тэдний сэтгэл зүрхэнд гүн хүрч чадах үнэ цэнтэй зүйлсийг өгүүлдэг. Хайр ба шаналал, бахархал ба уй гашуу, итгэл найдвар ба цөхрөл гээд хүмүүний мэдэрдэг сэтгэл хөдлөл соёл бүрд өөр өөрөөр илэрдэг ч тэдгээрийг бид ойлгож хуваалцаж чаддаг. Энэхүү үзэсгэлэн үүнийг бидэнд ойлгуулж ухааруулах болно. Энэ төслийг ажил хэрэг болгоход хувь нэмрээ оруулсан бүх хүнд талархал илэрхийлье. Олон нийтийн дэмжлэгийг хүлээн авч үзэгчдийн хөлд дарагдах болтугай. Энэ удаад монголчууд үнэхээр Берлин хотод хүрэлцэн ирлээ. Ирэхдээ энхтайван, найрамдал, нөхөрлөлийн замаар ирсэн нь онцгой сайхан хэрэг юм. Маш их баярлалаа.







