• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ГХЯ: Казахстаны Консулын газар нээх асуудал нь тухайн бүс нутгийн харьяаллыг өөрчлөхтэй огт холбоогүй

ГХЯ: Казахстаны Консулын газар нээх асуудал нь тухайн бүс нутгийн харьяаллыг өөрчлөхтэй огт холбоогүй

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКАУ) Монгол Улсад Консулын газар нээх гэж буй тухай мэдээлэл иргэдийн дунд нэлээдгүй маргаан, янз бүрийн байр суурь дагуулаад байна. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас албан ёсны тайлбар, тодруулгыг гаргалаа.
 
Консулын газар нээх нь "Газар нутаг, иргэншил"-тэй холбоотой юу?

Олон нийтийн сүлжээнд үүсээд буй хамгийн том айдас, хардлагад ГХЯ дараах шууд хариултыг өглөө.

ГХЯ-ны албан ёсны байр суурь:

"Консулын газар байгуулах асуудал нь тухайн бүс нутгийн харьяалал, эсвэл тэнд оршин суугчдын иргэний харьяаллыг өөрчлөх асуудалтай огт холбоогүй. Энэ бол олон улсын эрх зүйн хүрээнд (Венийн конвенц) хэрэгждэг дипломат харилцааны нийтлэг практик юм."

Консулын байгууллагыг нээх, түүний байрлах газар, зиндааг өөрчлөх зэрэг нь зөвхөн хүлээн авагч улс буюу Монгол Улсын зөвшөөрөл, хууль тогтоомжийн хүрээнд шийдэгддэг тул улсын бүрэн эрхт байдалд ямар нэгэн байдлаар халдах үндэслэлгүй гэдгийг онцолсон байна.

Яагаад заавал Казахстан гэж? (Эдийн засаг ба Геополитик)

БНКАУ нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бөгөөд Ази, Европыг холбосон стратегийн тээвэр, логистикийн томоохон зангилаа төв болон хөгжиж байна. Хоёр улсын Төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын үр дүнд харилцаа "Стратегийн түншлэл"-ийн түвшинд хүрсэн бөгөөд цаашид дараах зорилтуудыг тавиад байна:

  • Худалдааны эргэлт: Хоёр улсын худалдааг 500 сая ам.долларт хүргэх.

  • Дэд бүтэц: Тээвэр, логистикийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх.

  • Байгаль орчин: Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй хамтран тэмцэх.

Эдгээр эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлэхэд хоёр талын Элчин сайдын яамдаас гадна Консулын газрууд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Дипломат төлөөлөл ба Иргэдийн зорчилт хөдөлгөөн

Манай улс гадаадад 34 ЭСЯ-наас гадна 14 Ерөнхий консулын газар ажиллуулдгийн нэг нь Казахстаны Алматы хотод байдаг. Харин Монгол Улсад гадаадын 27 ЭСЯ-наас гадна Замын-Үүдэд БНХАУ-ын, Дарханд ОХУ-ын Ерөнхий консулын газар үйл ажиллагаа явуулж байна.

Хил хамгаалах ерөнхий газраас гаргасан хоёр улсын иргэдийн зорчих хөдөлгөөн болон оршин суух статистик мэдээллийг харвал харилцаа ямар түвшинд байгааг тодорхойлно.

Үзүүлэлт (2025 оны байдлаар) Монгол Улсын иргэд Казахстан Улсын иргэд
Харилцан зорчсон иргэдийн тоо 23,849 иргэн (Казахстанд зорчсон) 24,395 иргэн (Монголд зорчсон)
Байнга оршин сууж буй иргэд 8,825 иргэн (Казахстанд суугаа) 575 иргэн (Монголд суугаа)

 

Одоогийн байдлаар Монголын “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Алматы чиглэлд долоо хоногт 4 удаа, Казахстаны "SCAT" компани Астана-Улаанбаатар чиглэлд 2 удаа шууд нислэг үйлдэж байна. Мөн цаашид иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилгоор Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг эхлүүлэхээр судалж байгаа аж.

ГХЯ-ны зүгээс хоёр талын хамтын ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг дипломат шугамаар, харилцан ойлголцлын зарчимд үндэслэн шийдвэрлэж, улс орныхоо язгуур ашиг сонирхлыг хамгаалахаа мэдэгдлээ.