Төрийн соёрхолт, дуучин Д.Болд бие даасан уран бүтээлчээр ажилласны 21 жил, "Камертон" хамтлагийн 31 жилийн ойн хүрээндээ нийгэмд эерэг өөрчлөлт авчрах томоохон уриалга гаргалаа. Тэрбээр өөрийн хөрөнгө оруулалтаар нийслэлд хүүхдийн цэцэрлэг барихаар шийдвэрлэж, өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагватай уулзан, саналаа албан ёсоор танилцууллаа.
Хүүхдийн төлөөх бүтээн байгуулалт
Уулзалтын үеэр дуучин Д.Болд Улаанбаатар хотод олон жил амьдарсан иргэн, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж ирсэн уран бүтээлчийн хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүүхдийн төлөөх энэхүү бүтээн байгуулалтыг эхлүүлэх болсноо онцолсон юм. Тэрбээр төслийг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэж өгөхийг хотын даргаас хүслээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хүүхдийн төлөөх бүхий л санаачилгыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлээд, дараах байр суурийг илэрхийлэв.
“Хотын зүгээс ‘Хүүхдэд ээлтэй Улаанбаатар’ концепцийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна. Үүнд хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж хамгийн чухал асуудлын нэг юм.”
Цэцэрлэг нэн тэргүүнд шаардлагатай байршлууд
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хүүхдийн цэцэрлэггүй нийт 24 хороо байгаа бөгөөд хотын зүгээс дуучин Д.Болдод дараах нэн тэргүүний хэрэгцээтэй байршлуудыг санал болгож, газрын зөвшөөрөл болон бусад асуудлаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ.
-
Баянзүрх дүүрэг: Олимп хотхон, Улаанхуаран орчим
-
Баянгол дүүрэг: Голден парк орчим
-
Хан-Уул дүүрэг: Хүннү хороолол орчим
Төрийн үйлчилгээг хөнгөвчилнө
Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэл төр-иргэний харилцаа, бизнес-төрийн харилцааг илүү хялбар, шуурхай байлгах үүднээс төрийн үйлчилгээг сайжруулах чиг үүрэг бүхий зохицуулагчийн ажлыг Б.Сэмжидмаа хариуцаж байгааг энэ үеэр дурдсан юм. Тэрбээр хүн бүрийн оролцооноос хамаарч соёлтой, цэвэр цэмцгэр, аюулгүй Улаанбаатар хотыг хамтдаа бүтээж чадна гэдгийг уулзалтын төгсгөлд онцоллоо.





