Иргэн Б.Энхмөнх Ерөнхий сайд Н.Учралыг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа олон нийтэд мэдээллээ. Тэрээр 13-14 хуудас бүхий үндэслэл, шаардлага, хавсралт материалыг бэлтгэсэн бөгөөд Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 1 болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан иргэний мэдээлэл гаргах эрхийнхээ дагуу цэцэд хандаж байгаагаа онцолсон юм.
Ерөнхий сайдыг огцруулахыг шаардаж буй үндэслэлүүдийг дараах чиглэлээр голлон тайлбарлав.
Төсвийн хөрөнгийг хамаарал бүхий сургуульд хуваарилсан гэх асуудал Иргэн Б.Энхмөнхийн мэдээлснээр, Ерөнхий сайд Н.Учрал нь 2026 оны улсын төсвийн тодотголоор дамжуулан ээжийнхээ хувийн сургууль буюу өөрийн хамаарал бүхий боловсролын байгууллагад улсын төсвөөс 3 тэрбум 520 сая төгрөгийг хувьсах зардалд хуваарилахаар тусгасан байна. Энэхүү асуудал Боловсролын яамны мэдээллээр олон нийтэд ил болсон гэдгийг тэрээр дурдлаа.
Төрийн албан хаагчдын мэдээллийг үгүйсгэсэн явдал Төрийн жинхэнэ албан хаагчид уг асуудлаар мэдээлэл өгч, Өргөдлийн байнгын хороонд хандсанаар шалгах ажиллагаа эхэлсэн байна. Гэвч Ерөнхий сайд уг асуудалд огт оролцоогүй, гэр бүлийнх нь зүгээс ийм үйлдэл гаргаагүй хэмээн олон нийтэд худал мэдээлэл өгч, төрийн албан хаагчдын гаргасан баримтыг няцаасан нь албан тушаалаа ашиглан асуудлыг нуун дарагдуулахыг сиймхийлж, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзжээ.
Авлигатай тэмцэх газрын хараат бус байдалд нөлөөлсөн гэх үндэслэл Иргэдийн зүгээс 9 дүгээр сарын 10-ны өдөр Авлигатай тэмцэх газарт (АТГ) Ерөнхий сайдыг шалгуулахаар гомдол, хүсэлт гаргасан байна. Гэвч яг энэ үйл явдалтай давхцан Ерөнхий сайд Н.Учрал АТГ-ын удирдлагатай шууд уулзаж, энгийн иргэдэд олгогддоггүй нөхцөлөөр тус газар руу нэвтэрсэн нь Авлигын эсрэг тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан АТГ-ын хараат бус байдал, нэгдмэл удирдлагын зарчмыг алдагдуулсан гэж үзэв. Өргөдөл гомдол хүлээж авдаг ажилтанд бус, тусгай хамгаалалтаар дамжин удирдлагуудтай уулзсан нь тус байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлсөн, шахалт үзүүлсэн үйлдэл мөн хэмээн тайлбарлалаа.
Ийнхүү төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолдоо ашиглаж, улсын төсвийн бодлогоор дамжуулан давуу байдал үүсгэсэн, мөн хууль хэрэгжүүлэх тусгайлсан байгууллагын хараат бус байдалд нөлөөлсөн гэх үндэслэлүүдээр Ерөнхий сайд Н.Учралыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн цэцэд хянан шийдвэрлүүлэхээр өгч байгаагаа мэдэгдэв.



