Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар иргэн Х.Уянгын эсрэг шүүхэд 57 хуудас бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч иргэн Х.Уянга нэхэмжлэлийг гардан авснаа цахим орчинд мэдээллээ.
Хотын дарга асан Х.Нямбаатар нь нэр төрөө сэргээлгэх, сэтгэл санааны хохирол барагдуулахаар 500 сая төгрөг нэхэмжилжээ. Гэвч уг дүнг тооцсон үндэслэл нь анхаарал татна.
Урьдчилгаа төлбөрийн 0.1%: Нэхэмжлэлд дурдсанаар, уг 500 сая төгрөгийг "ХаоЮань женерал" хэмээх Хятад компанид шилжүүлсэн 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн 0.1 хувиар тооцон шаардсан байна. Иргэн Х.Уянга "Яагаад хотын даргын нэр төр Хятад компанид урьдчилгаа болгож шилжүүлсэн үнийн дүнтэй шууд уялдаж байгаа юм бэ?" хэмээн гайхаж буйгаа илэрхийлжээ.
Цахим орчны 126 пост, RT ба анхдагч сурвалжийн асуудал
Нэхэмжлэлд иргэн Х.Уянгын цахим орчинд бичсэн 126 удаагийн пост, тэр дундаа бусад мэдээллийг дэмжиж дамжуулсан (RT) постуудыг нэг бүрчлэн бичиж оруулсан байна. Тэрээр тухайн мэдээллүүдийн анхдагч сурвалж нь өөрөө биш гэдгийг онцолж, "Бүр БОННҮ бичээд, тендерийг нь шалгаруулчихсан юм шиг хүнд бухаж байна" хэмээн шүүмжлэв. Иргэн бүр Үндсэн хуулиар хамгаалагдсан үзэл бодолтой байх эрхтэй бөгөөд миний үзэл бодлыг бусад нь санал нэгдэж дэмжих, цааш дэлгэрүүлэх эрхтэй гэдгийг тэрээр санууллаа.
Нэхэмжлэлийн бичвэрт иргэн Х.Уянгыг 46 сая дагагчтай "цахим орчны томоохон нөлөөлөгч" хэмээн тодорхойлжээ.
Мөн хотын дарга асан Х.Нямбаатар нэхэмжлэлдээ:
"Үүнээс болж иргэд, сонгогчид намайг хулгайч гэж ойлгож, надтай хулгайч мэтээр харьцаж байгаа явдал нь НАМАЙГ СЭТГЭЛ САНААНЫ ХУВЬД АСАР ИХ ДАРАМТ, ИЧГЭВТЭР байдалд оруулж байна" хэмээн дурдсан байна.
Улс төрийн өндөр албан тушаалтны нэр төр, иргэний Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний зааг ялгааг шүүх хэрхэн дэнслэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.




