“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны (МҮЭХ) Ерөнхийлөгч Э.Тамир тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор ажилтнуудын нийгмийн баталгааг дордуулахгүй байх, аливаа шийдвэрийг хуулийн хүрээнд гаргах талаар талууд зөвшилцөж, санал нэгдсэн байна.
Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит 14 компанийг татан буулгаж, чиг үүрэг нь давхардсан 260 орон тоог оновчлохоор болоод буй. Үүнд дараах гол зарчмуудыг баримталж ажиллахаа “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай онцоллоо.
-
Үндсэн ажилтнуудыг хөндөхгүй: Үйлдвэрлэлийн үндсэн ажилтнууд болон уурхайчид энэхүү орон тооны оновчлолд хамаарахгүй.
-
Нийгмийн баталгааг хамгаална: Бага насны хүүхэдтэй, жирэмсэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн баталгааг алдагдуулахгүй байх зарчмыг хатуу баримтална.
-
Ил тод байдлыг хангана: Засгийн газрын шийдвэрийг ил тод, нээлттэй хэрэгжүүлэх үүднээс МҮЭХ-той хамтарсан ажлын хэсэг байгуулах санал гаргав.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир ажилтнуудын нийгмийн баталгааг хамгаалах чиглэлд онцгой анхаарч, хамтарсан ажлын хэсэгт орж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн цаашид ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад хуулийн хүрээнд оновчтой зохицуулалт хийж ажиллахыг хүслээ.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” нь чиг үүрэг нь давхардсан орон тоог оновчлохдоо ажилтнуудыг ажлын байргүй үлдээхгүй байхад анхаарч, хувийн хэвшил рүү үе шаттайгаар зуучлах ажлыг МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.





