• Нүүр
  • Мэдээний өрөө
  • "Хятадын хил дээр нэг тонн нь 738,000 төгрөгөөр орж ирж буй түлш УБ-т ирэхдээ 1,160,000 төгрөгт хүрдэг"

"Хятадын хил дээр нэг тонн нь 738,000 төгрөгөөр орж ирж буй түлш УБ-т ирэхдээ 1,160,000 төгрөгт хүрдэг"

УИХ-ын хаврын чуулганы хамгийн сүүлийн асуулгын цагаар өвөлжилтийн бэлтгэл ажил болон Нийслэлээс БНХАУ-аас коксон түлш худалдан авч буй асуудлаар Ерөнхий сайд Н.Учралын байр суурийг сонслоо. Сөрөг хүчний зүгээс эрчим хүчний салбарын бодлого, түлшний татаас тойрсон "далд эдийн засаг"-ийг эрс шүүмжлэв. Видео үзэх 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн энэ үеэр МАН-ын засаглалын сүүлийн 10 жилийн буруу бодлогын үр дүнд эрчим хүч, түлшний салбар "далд халамж" болон хувирсныг тоон баримттайгаар дэлгэлээ.

Хятад түлшний үнийн зөрүүг татвар төлөгчид төлж байна

Түүний хэлснээр, МАН иргэдэд хайртайдаа халамжилдаг бус, харин "халамжилсан нэрийн дор завшдаг" тогтолцоог бүрдүүлсэн байна. БНХАУ-аас импортолж буй коксон түлшний үнийн логикийг тэрбээр дараах тооцооллоор тайлбарлав:

  • Хил дээр ирэх үнэ: 1 тонн нь 738,000 төгрөг

  • Улаанбаатарт ирэх үнэ: 1 тонн нь 1,160,000 төгрөг

  • Иргэдэд борлуулах үнэ: 1 тонн нь 200,000 төгрөг

  • Үнийн зөрүү: 1 тонн тутамд 960,000 төгрөг

"Энэхүү 960,000 төгрөгийн зөрүүг татвар төлөгчид өөрсдийн халааснаас төлж байна. Монголчууд жил бүр Хятад түлшинд 355 гаруй тэрбум төгрөг зарцуулж буй бөгөөд үүний цаана иргэдэд хямд түлш өгч байгаа мэт дүр эсгэвч, МАН-ын түлшний сүлжээ утаагаар баяжиж байгаа нь илт байна" хэмээн С.Цэнгүүн гишүүн шүүмжиллээ.

Үүний өмнө МАН “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулж, жил бүр 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллуулсаар ирсэн. Эцэст нь тус компани 1.5 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, үр дүнд нь "үйлдвэр ч үгүй, мөнгө ч үгүй, утаатайгаа" үлдсэнийг тэрбээр сануулав.

"Утаатай өвөл" үргэлжилнэ, харин Ерөнхий сайд пиролизийн үйлдвэр амлалаа

Ирэх өвөл Улаанбаатар хот БНХАУ-аас дахин нүүрсэн түлш авах нь тодорхой болсонд харамсаж байгаагаа гишүүн илэрхийлсэн юм. Гэхдээ асуулгын үеэр Ерөнхий сайд Н.Учрал пиролизийн үйлдвэр (нүүрсийг өндөр хэмд хийжүүлэх замаар утаагүй түлш гаргах технологи) байгуулахаа амласан тул үүнийг хурдан ажил хэрэг болгохыг шаардлаа.

Эрчим хүчний салбар: Захирлууд нь 10-20 саяын цалинтай, ажилчид нь ажил хаяж байна

Өнөөдөр бодит байдал дээр эрчим хүчний салбарын татаас 300 тэрбум төгрөгт хүрч, бүхэлдээ халамжийн салбар болон хувирсныг тэрбээр далд хэлбэрийн эдийн засаг гэж тодорхойлов.

Салбарын дотоод удирдлага, үр ашгийн хуваарилалт ч асар их тэнцвэргүй байгааг дараах байдлаар шүүмжиллээ:

  • Удирдах бүрэлдэхүүн: Эрчим хүчний салбарын захирлууд сард 10-20 гаруй сая төгрөгийн цалин авч байна.

  • Гүйцэтгэх ажилчид: Үндсэн ажилчид, инженерүүд нь цалин хөлсөө голон ажил хаялт зарлах хэмжээнд тулжээ.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Өвөлжилтийн бэлтгэлийг өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхгүйн тулд эртнээс шахаж, далд эдийн засгийг цэгцлэх ёстой" гэдгийг анхааруулаад, МАН-ын сүүлийн 10 жилийн буруу бодлогын горыг иргэд, татвар төлөгчид үүрч байна гэлээ.