Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийгмийн сүлжээнд "Х.Ганхуягийг хөтөлж улс төрд оруулсан... MCS-ийн Ухаа худагийн оператораар ажилладаг хүн" хэмээн мэдэгдсэний хариуд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тайлбар хийлээ.
Тэрээр "Сүүлийн 23 жилийн турш хувийн хэвшилд ажиллаж, бизнес эрхлэн олон мянган ажлын байр бий болгож, улсад татвар төлж ирсэн. Гэтэл өнөөдөр утгагүй улс төрийн маргаан дотор хэн нэгний хөлсний хүн гэж нэрлэгдэхэд хүрээд байна. Олон жилийн хөдөлмөрөөр төлсөн татварыг дарга анги хулгайлдагт би эгдүүцдэг. Миний болон надтай хамаарал бүхий компанид өгсөн тендер, төрийн шийдвэр, сонгон шалгаруулалт байвал баримттай нь ярихыг хүсье" хэмээн байp сууриа илэрхийлэв.
Мөн тэрээр УИХ-ын үйл ажиллагаа болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дараах шүүмжлэлийг хэлсэн юм:
УИХ-ыг тараах санаачилга: Талцал, хуваагдалд гацсан УИХ-ыг тараах санаачилга гаргаж, ард түмнээсээ асуух хэрэгтэй гэсэн нь буруудаагүй.
Ирц ба улс төржилт: Улсын төсөв хэлэлцэх хуралдааны ирц бүрдэхгүй хойшилдог мөртлөө улс төрийн томилгоо, хэн нэгний эрх ашигт нийцэх асуудал орж ирэхэд чуулган шуурхай хуралддаг болсныг шүүмжлэв.
Нийгмийн асуудлууд: Гурван Засгийн газрын нүүр үзсэн манай улсад шатахууны хомсдол, үнийн өсөлт, татварын ачаалал, цахилгааны тасалдал, түгжрэл, утаа, авлига зэрэг шүүмжлэлтэй олон асуудал хуримтлагдсан байна.
Ажлаа хийх уриалга: Иргэдийн өдөр тутмын амьдралд шийдлээ хүлээсэн асуудал мундахгүй байхад төрийн эрх барьж буй хүмүүс бие биенээ буруутгаж, улсаа хорлохоо болих хэрэгтэй. Талцаж хуваагдахаа хойш тавьж, ажлаа хийхийг уриаллаа.



