• Нүүр
  • Мэдээний өрөө
  • ААН-үүдийн цэвэрлээгүй цас, мөснөөс болж бэртвэл шүүхэд өгч, хохирлоо нэхэмжлэх боломжтой

ААН-үүдийн цэвэрлээгүй цас, мөснөөс болж бэртвэл шүүхэд өгч, хохирлоо нэхэмжлэх боломжтой

Иргэд нийтийн эзэмшлийн зам, талбайд халтирч унан бэртэх тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл өөрийн эзэмшил, ашиглалтын газар болон орчны 50 метр хүртэлх зам, талбайн цас, мөсийг цэвэрлээгүй аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагагүй байдлаас болж бэртэж гэмтсэн бол иргэн хуулийн дагуу шүүхэд хандан хохирлоо нөхөн төлүүлэх бүрэн боломжтой юм.

Хуулиар хүлээсэн үүрэг ба хариуцлага

  •  Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар ААН, байгууллага бүр өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг цэвэрлэх үүрэгтэй.

  • Иргэний хуулийн 497 болон 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд буруутай үйлдэл эсхүл эс үйлдэхүйгээр хохирол учруулсан этгээд уг хохирлыг болон эмчилгээний зардал, алдагдсан орлогыг бүрэн нөхөн төлөх шаардлагатай байдаг.

Ямар хохирлуудыг нэхэмжлэх вэ?

Бэртэж гэмтсэн иргэн шүүхэд хандахдаа дараах бодит зардлуудыг баримтаар нэхэмжилж болно:

  1. Эмчилгээний зардал: Шинжилгээ, эм тариа, хагалгаа, физик болон нөхөн сэргээх эмчилгээний бүх төлбөр.

  2. Алдагдсан орлого: Бэртлийн улмаас эмнэлэгийн чөлөө авч, ажилдаа явж чадаагүй хугацааны цалин болон олох байсан бодит орлого.

  3. Эд хөрөнгийн хохирол: Унах үед эвдэрч сүйрсэн хувцас, гар утас зэрэг эд зүйлсийн хохирол.

Шүүхэд хандахад юуг анхаарах вэ?

Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримт хамгийн чухал байдаг. Тиймээс:

  • Халтирч унасан газрынхаа цас, мөс цэвэрлэгдээгүй байгааг харуулсан зураг, бичлэгийг тухайн үед нь баримтжуулах,

  • Үйл явдлыг харсан гэрчүүдийн холбогдох утасны дугаарыг тэмдэглэж авах,

  • Гэмтэл соггог судлалын үндэсний төв (ГССҮТ) болон эмнэлэгт нэн даруй хандаж, "орчны цас мөсөнд халтирч унасан" гэх тодорхойлолтыг өвчний түүхэндээ бичүүлэх шаардлагатай.

ААН, байгууллага бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан, орчныхоо цас мөсийг цаг тухайд нь цэвэрлэх нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, гарч болох санхүүгийн болон хуулийн хариуцлагаас өөрсдийгөө сэргийлэх хамгийн эхний алхам юм.