• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж, 30 их наяд төгрөгийн зардлыг буурууллаа

Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж, 30 их наяд төгрөгийн зардлыг буурууллаа

Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Засгийн газраас ард түмэндээ томоохон сайн мэдээ дуулгалаа. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчидтай хийсэн цуврал хэлэлцээрүүд амжилттай болж, Монголын талын хүртэх үр өгөөжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн түүхэн тохиролцоонд хүрснийг зарлав.

Засгийн газрын эхний 100 хоногийн босгон дээр хийгдсэн энэхүү хэлэлцээрийн гол үр дүн, эдийн засгийн ач холбогдлыг дараах 3 гол үзүүлэлтээр багцлан хүргэж байна.

Зээлийн хүүг бууруулж, 22 их наяд төгрөг хэмнэв

Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар (8 орчим их наяд төгрөг)-оор бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар (5 орчим их наяд төгрөг)-оор нэмэгдүүлж байсан юм.

Тэгвэл энэ удаад хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитой бууруулж чадлаа. Үүний үр дүнд:

  • Оюутолгойн баялгаас өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэв.

  • Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар (8 орчим их наяд төгрөг)-оор нэмэгдэх боломж бүрдэж байна.

Хэлэлцээрийн хугацааг наашлууллаа

Өмнө нь Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг 7 жил тутамд бууруулах цонх нээгддэг байсныг өөрчилж, 3 жил тутамд эргэж харж, хэлэлцдэг болгон хугацааг богиносгож чадсан байна.

Ногдол ашгийг энэ оноос авч эхэлнэ

Монголчуудын олон жилийн турш хүлээсэн, хамгийн их хэл ам дагуулж байсан Оюутолгой төслөөс хүртэх ногдол ашгийг энэ оноос эхлэн авч эхлэх зарчмын тохиролцоонд хүрлээ.

Нийт дүн: 30 их наяд төгрөгийн зардал хасагдаж, ирээдүйн өгөөж 13 их наядаар нэмэгдэнэ

Эдгээр цуврал хэлэлцээрүүдийн үр дүнд Оюутолгойн баялгаас төлөгдөх байсан урсгал зардлаас урт хугацаандаа нийт 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наяд төгрөгийг бууруулж чаджээ. Үүнийг дагаад Монгол Улсын ирээдүйд хүртэх цэвэр өгөөж 4 тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх түүхэн боломж нээгдэж байна.

Засгийн газрын байр суурь: "Бид Ардчилсан, эрх чөлөөт улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжинэ. Манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж, хамтран ажиллах болно. Хэлэлцээрт нааштай хандаж, хамтран ажиллах хүсэл зоригоо харуулсан 'Рио Тинто' компанийн хамт олонд талархал илэрхийлье."

Дараагийн алхам: Онтрегийн ордын хэлэлцээр

Засгийн газраас Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг болох Онтрегийн хэлэлцээрийг яаралтай эхлүүлэх үүргийг холбогдох сайд нарт өглөө. Ингэхдээ Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн байдлаар боловсруулж, УИХ-д танилцуулахыг даалгасан байна.

Засгийн газрын зүгээс Оюутолгой төслийг тойрсон олон жилийн маргаантай асуудлуудад цэг тавих хэлэлцээрийг амжилттай удирдан зохион байгуулсан ажлын хэсэг, сайд нар, төрийн албан хаагчид болон тууштай дэмжиж ирсэн иргэний нийгмийн байгууллагууд, УИХ-ын гишүүдэд гүн талархал илэрхийлэв. Энэхүү үр дүн нь монголчууд эвлэлдэн нэгдэж, улс орныхоо эрх ашгийн төлөө шударгаар зүтгэж чадвал ямар том амжилтад хүрч болдгийн тод жишээ болж байна.