Сүүлийн жилүүдэд авлига, шударга ёсны гажуудал гүнзгийрч, иргэдийн төрд итгэх итгэл суларсан гэж яригдаж буй энэ цаг үед сөрөг хүчний намын дарга О.Цогтгэрэл МАН-ын угшилтай Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхээс "Одоо бид цаашид яах ёстой вэ?" хэмээн асуусан нь улс төрийн хүрээнд нэг ёсондоо сонин, эргэлзээ төрүүлэм үзэгдэл болж харагдахаар байна.
Уг нь сөрөг хүчин гэдэг эрх баригчдаас зам, чиг заалгах бус, харин алдаатай бодлого, үйлдлийг нь шүүмжилж, өөрийн хувилбар, шийдлийг тулгадаг баймаар. Гэтэл О.Цогтгэрэл авлигадсан тогтолцооны эсрэг тууштай зогсоно гэж мэдэгдэхийн сацуу, нэг ёсондоо нөгөө л тогтолцооны төлөөлөл болсон Ерөнхийлөгчөөс "Яах вэ?" хэмээн асууж байгаа нь егөөтэй бөгөөд шүүмжлэл дагуулахуйц үзэгдэл юм. Нөгөөтэйгүүр, О.Цогтгэрэл иргэдийн уур хилэн, итгэл алдралт, тогтолцооны гацааг хурцаар хөндсөн ч энэ асуултын хэлбэр нь өөрөө улс төрийн хурц сөрөг хүчний байр сууринаас илүү эргэлзээ, аргаа барсан өнгө аясыг илэрхийлэв.
Харин Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн хариулт ч мөн адил олон нийтэд шинэ содон гэхээсээ илүү урьд өмнө яригдаж ирсэн хууль, тогтолцооны сэдвүүдээр эргэлдэв. Тэрбээр тогтолцооны өөрчлөлт хийх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаагаа хэлж, дараах чиглэлүүдийг дурдлаа:
-
Үндсэн хуулийг өөрчлөх эсэх, цаашдын тогтолцооны асуудлаар ард түмнээс санал асуух нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв.
-
Хууль зөрчсөн, ёс зүйн асуудалтай УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах тухай хууль шаардлагатайг онцоллоо.
-
Төрийн нэр хүнд, үндэсний эв нэгдэл, авлигатай холбоотой асуудалд холбогдох байгууллагууд баримттай ажиллаж, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж мэдэгдэв.
Гэвч ард иргэдийн хувьд хэн нь хэндээ ямар асуулт тавьж, ямар хариулт өгөх нь сонин байхаас илүүтэй, амласан шударга ёс, хуулийн хариуцлага, бодит өөрчлөлт хэзээ хэрэгжих вэ гэдэг асуулт хамгийн чухал хэвээр байна.
Ийнхүү сөрөг хүчний лидер Ерөнхийлөгчөөсөө "Бид одоо яах вэ?" хэмээн асууж, хариуд нь тогтолцооны шинэчлэл, хуулийн хариуцлагын тухай уламжлалт өгүүлэмж сонссон үдэш байлаа.





