• Нүүр
  • Мэдээний өрөө
  • 25.5 кг-аар жингийн тохируулга хийсэн учир жин дутах асуудал гарахгүй гэв

25.5 кг-аар жингийн тохируулга хийсэн учир жин дутах асуудал гарахгүй гэв

"Тавантолгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн нийслэлийн долоон дүүрэгт байрлах шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд биечлэн ажиллаж эхэллээ. Тэрээр 2026 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, борлуулагчид болон худалдан авагч иргэдийн санал, хүсэлтийг сонссон юм.

"Тавантолгой түлш" ХХК-ийн хувьд бүтээгдэхүүнийхээ чанар, жин, хэмжээ болон хүртээмжид онцгойлон анхаарч байгаа бөгөөд иргэд, борлуулагчдын санал хүсэлтийг газар дээр нь шууд сонсож, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хяналт шалгалтыг хийж байна.

Угааж баяжуулсан нүүрсээр чанарыг ахиулж, жингийн тохируулга хийв

Энэ жилийн түлш үйлдвэрлэлийн онцлог болон чанарын ахиц дэвшлийн талаар Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн дараах тодорхой мэдээллүүдийг өглөө:

  • Шинэ түүхий эд: Энэ жил мидлинг буюу завсрын бүтээгдэхүүнээр түлш үйлдвэрлэхгүй. Нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр шахмал түлшийг үйлдвэрлэн худалдаанд гаргаж байна.

  • Жингийн стандартыг өсгөв: Түлшний жин, хэмжээ дутах асуудлаас урьдчилан сэргийлж, үйлдвэрт 25.5 кг-аар жингийн тохируулга хийсэн учир жин дутах асуудал гарахгүйг иргэдэд тайлбарлалаа.

Борлуулалт хэвийн үргэлжилж байгаа ч "Хотула" аппликейшн гацах хүндрэл гарч байна

Баянзүрх дүүргийн гэрээт борлуулагчдын мэдээлснээр шахмал түлшний чанар болон хүртээмж сайн, жин хэмжээн дээр ямар нэгэн асуудалгүй, борлуулалт хэвийн явагдаж байна. Гэсэн хэдий ч практик дээр дараах хүндрэлүүд гарч байгааг уламжлав:

  1. Ачаалалтай үед "Хотула" аппликейшн гацах тохиолдол гардаг.

  2. Иргэдийн зүгээс түлшийг олон шуудайгаар буюу их хэмжээгээр авах хүсэлттэй байдаг.

Иргэдийн нөөцлөх хүсэл, шаардлагыг ойлгож байгаа ч одоогоор хангамжийн нөхцөл байдлаас шалтгаалан нэг өрхөд долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй байгааг "Тавантолгой түлш" ХХК-ийн удирдлага тайлбарласан юм.

 

May be an image of one or more people and text

Ташрамд дурдахад, Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ жил борлуулалтын 109 цэг ажиллаж байгаа бөгөөд цэг тус бүрд өдөр бүр 5 тонн түлш буулган, иргэдэд тасралтгүй хүргэж байна.