Санхүүгийн Зохицуулах Хорооны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн хуралдаанаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх буюу "ломбард"-ны зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5%-аар тогтоосон. Гэвч бодит нөхцөл байдлыг сурвалжлахад "Ломбард" буюу мөнгөн зээлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд нь тусгагдсан хэмжээнээс 5-8 хувийн илүү хүү тооцож байна.

Бид Ломбард эрхлэгчдээс орж энэ талаар тодрууллаа. Тухайлбал БГД-ийн Гандан орчимд байрлах 3-4 ломбардаар ороход "Долоо хоногийн 7-8 хувийн хүү тооцож байна" гэж хэллээ. Сараар буюу 30 хоног хөрөнгөө байршуулж, зээл авах боломжгүй гэдэг тайлбарыг өглөө. Иргэд ч мөн ломбардны хүү хуульд зааснаас хэт өндөр байгааг шүүмжилсэн юм.
Энэ нь үнэн эсэхийг тодруулахаар сурвалжлагч миний бие өөрийн гар утсыг үнэлүүлэхэд 500,000 төгрөгийн зээл гарах боломжтой. Улмаар 7 хоногийн 8 хувийн хүү тооцно гэж ломбард эрхлэгч хэллээ. Энэ нь 500,000 төгрөгийн зээл авахад долоо хоногт 40 мянган төгрөгийг зөвхөн зээлийн хүүд өгнө гэсэн үг юм. Хэрвээ долоо хоногийн дотор утсаа авч чадахгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутмаас тусгагдсан хүүгийн 0,2 хувиас хэтрэхгүй алданги тооцно гэж хуулинд заасан байдаг. Хуульд заасан хүүг сараар бус 7 хоногоор тооцож, 2 дахин өндөр хүү бодож байна. Мөн барьцааны эд зүйлсийг үнэлэхдээ зах зээлийн үнээс 50-80 хувиар доогуур үнэлж авч байгааг иргэд шүүмжилдэг.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 516 мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч бүртгэлтэй гэсэн судалгаа байдаг. Мөн зээлийн хүү нь барьцаалсан эд зүйлээс шалтгаалан 7, 14, 21, 30 хоногийн хугацаатайгаар хүү тооцдог. Улмаар хугацаа хэтэрсэн хоног тутмаас алданги тооцдог, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага буюу MNS 5274:2017 стандарт”-ыг хэрэгжүүлэхгүй байх зэрэг зөрчил нийтлэг илэрдэг гэж иргэд хэллээ. Бид ийнхүү сурвалжилгын мөрөөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос холбогдох мэдээллийг авах гэсэн боловч удаа дараа боломжгүй хэмээн хариулт өгөхөөс татгалзлаа.





