• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Олон улсын нисэх буудлыг өргөтгөхөд зориулж 150 тэрбум иений зээл олгохоор Япон, Монгол тохиролцлоо

Олон улсын нисэх буудлыг өргөтгөхөд зориулж 150 тэрбум иений зээл олгохоор Япон, Монгол тохиролцлоо

Олон улсын нисэх буудлыг өргөтгөхөд зориулж 150 тэрбум иений зээл олгохоор Япон, Монгол тохиролцсон талаар "Jiji Press" (2026 оны 9-р сарын 27, 07:08 цаг) мэдээллээ. 

Тэд мэдээлэхдээ "Японы Засгийн газар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь "Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлд зориулж 150 тэрбум иений хэмжээтэй иений хөнгөлөлттэй зээл олгох чиглэл баримталж байна. Энэ сарын 29-ний өдөр болох Ерөнхий сайд Такаичи болон Монгол Улсын Ерөнхий сайд Учрал нарын дээд хэмжээний уулзалтын үеэр албан ёсоор тохиролцож, хоёр талын засгийн газар Ноот бичиг солилцох төлөвтэй байна. Энэ талаар Засгийн газрын албаны эх сурвалжууд 26-ны өдөр мэдээлэв.  Монголын тал парламентын зөвшөөрлийг аль хэдийн аваад байгаа бөгөөд Японы Засгийн газар мөн 29-ний өдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрт бэлтгэн холбогдох журмын дагуу ажиллаж байна. Ноот бичиг солилцсоны дараа Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон Монгол Улсын Засгийн газар зээлийн гэрээнд гарын үсэг зурах юм.  Тус нисэх буудлыг Японы Засгийн газрын нийт 65.657 тэрбум иений хөнгөлөлттэй зээлээр бүтээн байгуулж, 2021 онд ашиглалтад оруулсан. Гэвч зорчигчдын бодит тоо анх тооцоолсноос ихээхэн давж, том оврын онгоцны зогсоол болон терминалын барилга хүрэлцээгүй, багтаамжгүй болсон байна. Иймээс хоёр орны Засгийн газар өргөтгөл, сайжруулалт хийх шаардлагатай гэж үзжээ.  Барилгын ажлыг хэзээ эхлүүлэхийг цаашид нарийвчлан тохиролцох боловч Монголын талын холбогдох албаныхан: «Өргөтгөснөөр илүү олон хүн ирэх боломж бүрдэнэ. Ирэх жил ажлаа эхлүүлж чадвал хамгийн тохиромжтой» хэмээн хүлээлттэй буйгаа илэрхийлсэн байна.  Орос, Хятад хоёр их гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд тус нисэх буудал нь Япон зэрэг «Гуравдагч хөрш» орнуудтай хүмүүнлэгийн болон эдийн засгийн харилцаа тогтоох чухал түшиц газар болдог. Японы Засгийн газар уг өргөтгөлөөр дамжуулан «агаарын тээврийн холболт»-ыг бэхжүүлж, Монгол Улсын бие даасан байдал болон тэсвэрт чанарыг дэмжих бодлого баримталж байна.  Тус нисэх буудлын өргөтгөлийн асуудлаар Японы Гадаад хэргийн сайд Мотэги болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар энэ сарын 3-ны өдөр уулзах үеэрээ үндсэндээ тохиролцоонд хүрээд байсан юм" хэмээн мэдээллээ.