• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Б.Эрдэнэсүх: Намайг гүтгэсэн хэргээр гомдол гаргагч тал өөрөө яллагдагчаар татагдсан

Б.Эрдэнэсүх: Намайг гүтгэсэн хэргээр гомдол гаргагч тал өөрөө яллагдагчаар татагдсан

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхлэх гэж байна. Өмнө нь тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм.

Шүүх хурлын өмнө НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх UBN сайтын сэтгүүлчийн асуултад дараах тайлбарыг өглөө.

Тэрээр "Гэр бүлийн хүчирхийлэл 22 жил үйлдсэн гэдэг нь огт үндэслэлгүй. Манай гэр бүлээс Цагдаагийн 102, 108 дугаар руу нэг ч удаа дуудлага мэдээлэл очиж байгаагүй. Гэр бүлийн хоорондын маргааныг ашиглаж, олон нийтийн хэрэгсэл болон телевизээр нэг жилийн турш зохион байгуулалттайгаар миний эсрэг мэдээлэл түгээсэн. Олон нийтийн сүлжээгээр яваад байгаа зодуулсан гэх зураг нь нэг жилийн өмнө хамрын гоо сайхны хагалгаанд орохдоо чихнийхээ мөгөөрснөөс авч хийлгэсэн зураг байгаа юм. Манай хүү одоо 21, 22 хүрсэн том залуу бий. Ямар ч хүүхэд зодож цохисон зүйл байхгүй, хүүгээр маань зохиомол зүйл яриулсан. Намайг шүүхэд өгсөн иргэн (хуучин эхнэр) өөрөө худал мэдүүлэг өгч, намайг гүтгэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Мөн манай туслах байсан хоёр охинтой нийлж, томоохон хэмжээний хулгай, залилан, заналхийллийн хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тул энэ хэргээ нуун дарагдуулахын тулд ийм зохион байгуулалттай ажил хийсэн" хэмээн мэдэгдлээ.

Шүүх хурлын шийдвэр болон хэргийн өрнөлийн талаар бид эргэн мэдээлэх болно.