Эрчим хүчний алдагдал 150 МВт-д хүрнэ

Ерөнхий сайд Н.Учрал гишүүдийн асуултад хариулж, салбарын тулгамдсан асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн махны үнэ, инфляцын өсөлтөөс гадна эрчим хүчний дутагдал болон гэр хорооллын утааг бууруулах чиглэлд хийгдэж буй төсвийн зарцуулалтыг хөндөн шүүмжилсэн юм.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн өнгөрсөн өвөл улсын хэмжээнд 50 МВт-ын эрчим хүчний дутагдалтай байсан бол ирэх өвөл энэ хэмжээ гурав дахин нэмэгдэж 150 МВт-д хүрэх эрсдэлтэй байгааг санууллаа. Тэрээр төрөөс утаатай тэмцэх нэрийдлээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 600 тэрбум төгрөгийг зөвхөн нүүрс худалдан авахад зарцуулж, үр дүнгүйгээр шатааж дуусгасан гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Гишүүний зүгээс утааг бодитоор бууруулах дараах тооцооллыг танилцууллаа:

  • Нийслэлийн гэр хороололд нийт 220,000 айл өрх байгаагийн 42 хувь буюу 92,000 өрх нь Монгол гэрт амьдарч байна.

  • Эдгээр өрх бүрийг 1-ээс 3 сая төгрөгөөр дулаалах ажлыг зохион байгуулсан бол нийт 276 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан.

  • Гэрээ дулаалсан нэг айл тутамд 1.5 кВт цагийн хүчин чадалтай цахилгаан халаагуур тавихад 130 МВт эрчим хүч нэмэлтээр шаардагдана.

  • Энэхүү шийдлийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын утааг 42 хувиар бодитоор бууруулах бүрэн боломжтой байсан.

Мөн Засгийн газар үр ашигтай гарц хайхын оронд Багануурын нүүрс химийн үйлдвэрийг барих зэрэг хугацаа шаардсан шийдвэр гаргаж байгааг тэрээр шүүмжлэв.

Ерөнхий сайд Н.Учрал гишүүний асуултад хариулахдаа эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал хүнд байгааг хүлээн зөвшөөрч, ажлаа хүлээн авсан даруйдаа цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл ажил болон засвар шинэчлэлд анхаарч ажилласан гэдгээ онцоллоо. Одоогийн байдлаар засварын ажлууд 70 орчим хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Салбарын хямралаас гарахын тулд Засгийн газраас дараах алхмуудыг хэрэгжүүлж байгааг танилцуулав:

  • Эрчим хүчний салбарт чөлөөт өрсөлдөөн бий болгох үүднээс шинэ эх үүсвэр, төслүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй дуудлага худалдаа (аукцион) хэлбэрээр зохион байгуулж, хувийн хэвшлийг дэмжиж байна.

  • 10 аймгийн дулааны цахилгаан станцыг барих 150 сая ам.долларын өртөгтэй төсөл гацсан шалтгааныг тодрууллаа.

  • Уг төслийг хэрэгжүүлж байсан БНСУ-ын компани дампуурснаар барилгын ажил 45-50 хувийн гүйцэтгэлтэй зогсож, одоогоор бүрэн ашиглалтад орсон аймаг байхгүй байна.

  • Засгийн газар энэхүү гацсан станцуудын ажлыг цаашид үргэлжлүүлж дуусгах уу, эсвэл зогсоох уу гэдэг шийдвэрийг гаргах шаардлагатай нүүр тулсан бөгөөд үлдэгдэл 50 хувийг барьж дуусгах гарцыг эрэлхийлж ажиллаж байна.