ИЗНН-ын "Хагарлын" асуудал УИХ-ын түвшинд яригдав

УИХ-ын гишүүн Б.Батбаатар өөрийн бланк дээр дараах хүсэлтүүдийг ирүүлжээ:

  • Өөрийгөө Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороонд оруулах.

  • Р.Батболд гишүүнийг тус байнгын хорооноос гаргах.

  • М.Нарантуяа-Нараг Даргын зөвлөлөөс гаргаж, оронд нь өөрөө орох.

УИХ-ын даргын зүгээс энэхүү асуудлыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу шийдвэрлэх ёстойг онцоллоо.

Хуулийн дагуу нам, эвслийн бүлэгтэй бол бүлгийн даргаараа дамжуулж хүсэлтээ ирүүлдэг бол бүлэггүй гишүүд өөрийн бланк дээр шууд хүсэлт гаргах эрхтэй байдаг аж. Гэвч бусад гишүүдийн бүрэн эрхэд халдаж, тэдний өмнөөс шийдвэр гаргах буюу албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг дангаараа шийдэх боломжгүйг С.Бямбацогт дарга санууллаа.

"Бусад гишүүдийн бүрэн эрхэд халдаж, гишүүдийн өмнөөс шийдвэр гаргасан, тэдний эрхийг хязгаарласан асуудал дээр шийдвэр гаргаагүй" хэмээн тэрээр тодотгосон юм.