УИХ-ын гишүүн П.Сайнзориг ирэх 6 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдах Ерөнхий сонсголын ажлын хэсгээс гарахаа мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр Улаанбаатар хотын тулгамдсан асуудлууд болон Хотын захирагчийг иргэд өөрсдөө сонгох эрх зүйн зохицуулалтын гацааны талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр хэвлэлд өгсөн тодруулгадаа Ерөнхий сонсголын ажлын хэсэгт түүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр оруулсан гэдгийг тодотгов.
"Би тэр гишүүн, мишүүнд нь ороогүй. Хүчээр оруулчихсан байна лээ. Би энэ ажлын хэсгээс гаръя гэж байгаа. Элдэв янзын хардлага, сэрдлэг явж байхаар өөрсдөө шалгачих хэрэгтэй. Би энэ дээр итгэлтэй байна" хэмээн П.Сайнзориг гишүүн мэдэгдлээ.
Нийслэлд өрнөж буй томоохон төслүүдийг тойрсон шүүмжлэл, улс төржилтийн тухайд тэрбээр дараах тайлбарыг өгсөн юм.
"Ажил хийж байгаа газарт жижиг сажиг алдаа гарахыг үгүйсгэхгүй. Угаасаа монголчууд ажил хийж байгаа хүнд туйлын дургүй ард түмэн, зарим талаараа. Болохгүй бүтэмжгүй байгаа юм шиг харагдавч эргээд бодохоор, үр дүн гарсны дараа бүгд хүлээн зөвшөөрдөг."Том төслүүд болон нийслэлийн олон асуудал дээр иргэдэд зөв ойлголт өгөхийн хажуугаар, зохион байгуулалттайгаар улс төржүүлж, хэвлэл мэдээллээр дэвэргэж байгаа зүйлүүд байна. Гэхдээ энэ бол ажил явж байхад байдаг л зүйл. Би үүнийг нэг их сүртэй хүлээж авахгүй байна."
Тэрбээр уг ажлын хэсэгт огт ажиллахгүй гэдгээ дахин бататгав.
Хотын захирагчийг иргэд сонгох боломжтой юу?
Түүний үзэж буйгаар өнөөдөр "Захирагч", "Засаг дарга" гэх хоёр өөр субъектийн чиг үүргийг нэг хүн давхар хариуцаж байгаа нь гол алдаа аж.
П.Сайнзориг гишүүний хэлснээр, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хотын эрх зүйн байдлын тухай хуулиар Нийслэлийн Засаг даргаас бусдыг нь хотын иргэд сонгох зохицуулалт бэлэн байгаа ажээ. Гэвч амьдрал дээр энэ нь Үндсэн хуультайгаа зөрчилдсөөр ирсэн байна.
"Яг үнэндээ Улаанбаатар хотын захирагчийг бид нар ерөөсөө сонгож үзээгүй. Тэгсэн мөртлөө Хотын эрх зүйн байдлын хуулиар бол "сонгоно" гэсэн хуультай болохоос биш "томилно" гэж байхгүй. Харин Засаг даргыг бол дээрээс нь томилдог" гэв.





