УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Туулын хурдны замын төслийн ТЭЗҮ болон эдийн засгийн тооцоолол бодит байдалд нийцэхгүй байгааг хурцаар шүүмжлэлээ. Тэрээр хэлэхдээ:
-
Бодит бус тооцоолол: Замын төлбөрөөс олох орлогыг тооцохдоо өдөрт 180-200 мянган машин тогтмол зорчино гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Энэ нь нэг секунд тутамд хоёр машин тасралтгүй өнгөрнө гэсэн үг бөгөөд амьдрал дээр ийм байх боломжгүй.
-
Мэргэжлийн бус хандлага: Төсвийн байнгын хорооны хурал дээр төслийн талаар тодорхой мэдээлэл өгөхийн оронд хэдэн зураг үзүүлж, "Чат-GPT"-ээр боловсруулсан гэмээр ерөнхий зүйл ярьсаар өнгөрсөн нь хариуцлагагүй үйлдэл юм.
-
Зөрүүтэй мэдээлэл: Төслийн эдийн засгийн үр ашгийг танилцуулахдаа албаны хүмүүс өөр өөр тоо хэлж байгаа нь уг төсөл нарийн тооцоо судалгаагүй болохыг гэрчилж байна.
Бонд босгох нь зөв ч...
Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд бонд гаргаж, санхүүжилт босгохыг зарчмын хувьд дэмжиж байгаа ч гүйцэтгэгч компаниудын сонголтод эргэлзэж байгаагаа илэрхийллээ.
"Сэлбэ дэд төвийн 500 сая долларын бонд гаргаж байгаа асуудалд шалгарсан компаниудын 75 орчим хувь нь Хятадтай холбоотой компаниуд байна. Энэ нь нийслэлийн томоохон төслүүд нэг талыг барьсан, ашиг сонирхлын зөрчилтэй байх вий гэх хардлагыг төрүүлж байна."
Мөн тэрээр Хятадын сэргээгдэх эрчим хүчний компаниудыг дэмжих заалт бүхий нууцлаг гэрээнүүд УИХ-ын түвшинд яригдаж байгааг "сэжигтэй" хэмээн тодотгов.
Хууль тогтоох замаар "лобби" хийх арга барил
Д.Энхтүвшин гишүүн нийслэлийн удирдлагуудыг хууль тогтоомжийн цоорхойг ашиглан, өөрт ашигтай шийдвэрүүдийг "хүчээр" гаргуулдаг тогтолцоо бүрдсэнийг шүүмжлэв.
-
Хуулийн "бэлтгэл": Төсөл хэрэгжүүлэхийн өмнө хууль зөрчихгүй байх үүднээс холбогдох хуулиудыг өөрсдөдөө ашигтайгаар өөрчилж, баяр наадмын өмнөхөн яаравчлан батлуулдаг технологи ажиглагдаж байна.
-
Төлөөлөх чадваргүй НИТХ: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ) хяналтын үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Төлөөлөгчдийн ихэнх нь нийслэлийн өмчит компаниудын удирдлагад ажилладаг эсвэл тендертэй холбоотой байгаа нь иргэдийн эрх ашгийг хамгаалах боломжгүй болгож байна.
Нийслэлийн томоохон төслүүдийг ил тод болгож, иргэдийн мэдэх эрхийг хангах замаар энэ бүх эргэлзээтэй асуудлуудад цэг тавих ёстойг гишүүн онцоллоо. УИХ-ын гишүүд нийслэлийн иргэдийн эрх ашгийн төлөө хатуу байр суурьтай байх болно гэдгээ илэрхийллээ.





