Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох замын түгжрэлийг бууруулах, хотын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц байр сууриа илэрхийллээ. Тэрээр хот төлөвлөгч хүний өнцгөөс Туулын хурдны замын төслийнтухай мэдээлэл өглөө.
Г.Лувсанжамц хэлэхдээ, Улаанбаатар хот одоогоор баруунаас зүүн тийш нэвт гардаг ганцхан гол замтай нь Энхтайваны өргөн чөлөө юм. Хотын хөгжлийн үе шаттайгаар Нарны замыг барьж, бага болон их тойрууг бүрэн ашиглалтад оруулсан ч цаашид гурав дахь тойрог зам болон хэвтээ тэнхлэгийн шинэ замуудыг барих зайлшгүй шаардлагатай байгааг дурдлаа.
Төслийн үр өгөөжийн талаар тэрээр дараах тоон үзүүлэлтүүдийг дурдав:
Одоогийн ачаалал: Баянзүрх, 22-ын товчоо болон Нисэх рүү чиглэсэн гурван гол замын өдрийн зорчилт 60,000 орчим байдаг.
Өсөлтийн хандлага: Сүүлийн 10 жилийн хугацаанд замын хөдөлгөөний ачаалал 80 хувиар өссөн.
Ирээдүйн төлөв: 2040 он гэхэд Улаанбаатар хотын нийт зорчилт 1.8 саяас 2.8 сая болж нэмэгдэх ба хүн ам 2 саяас давах төлөвтэй байна.
Энэхүү өсөн нэмэгдэж буй ачааллыг зохицуулахад Туул голын хурдны зам бодит үр дүн үзүүлнэ гэж тэрээр үзэж байна.
Г.Лувсанжамц төслийн талаарх шүүмжлэл, маргаанд хариу өгөхдөө мэргэжлийн түвшинд, баримттайгаар хэлэлцэхийг уриаллаа.
"Ажлын зургийг нүдээр үзэж, гол дотор яг хэдэн ширхэг багана байх вэ гэдгийг мэргэжлийн инженерүүдийн тооцоо судалгаан дээр үндэслэж ярих нь зүйтэй. Байгаль орчны үнэлгээ, нөлөөллийг бууруулах менежментийг хэн хариуцах вэ гэдэг нь тодорхой, баримт бичигт суурилсан байх ёстой" хэмээн тэрээр онцлов.





