Ерөнхий сайд Н.Учрал, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар 39 дүгээр сургуульд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар өнөөдөр Нийслэлийн Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн багш, ажилчидтай уулзаж, салбарын тулгамдсан асуудал болох багш нарын цалин хөлсний тогтолцоог шинэчлэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Цалингийн "Хоёр" биш "Нэг" тогтолцоо руу шилжинэ
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал багш нарын дунд хүлээлт үүсгээд буй цалингийн асуудлыг ирэх 5 дугаар сарын 1-нээс эхлэн эцэслэн шийдвэрлэхээ мэдэгдэв. Өнөөдрийг хүртэл багш нар үндсэн цалин болон нэмэгдэл хөлс гэсэн хоёр тусдаа тооцоололтой явж ирсэн нь төвөгтэй байдал үүсгэж байсан бол цаашид нэмэгдлүүдийг суурь цалинд багтаасан "Нэг цалин"-гийн тогтолцоонд шилжих юм.
-
Цалингийн тооцоолол: 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн суурь цалин дээр бүх төрлийн нэмэгдлүүдийг тооцож олгохоор боллоо.
-
Төсвийн зохицуулалт: Боловсролын салбарын 5.3 их наяд төгрөгийн төсвийн үр ашгийг сайжруулж, илүүдэл зардлыг танах замаар цалингийн санг нэмэгдүүлнэ.
-
Хэмнэлтийн горим: 5 дугаар сарын 31 гэхэд тендер нь зарлагдаагүй болон ажил нь эхлээгүй байгаа төслүүдийг зогсоож, хэмнэсэн хөрөнгийг багш нарын нийгмийн баталгаанд зарцуулна.
"Салбарын сайд бол хамгийн түрүүнд сайн менежер, эдийн засгийн тоо мэддэг хүн байх ёстой. Бид боловсролын салбарт хангалттай төсөв хуваарилдаг ч түүнийг зөв удирдаж, багш нарынхаа гар дээр очих бодит орлогыг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт юм" хэмээн Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан цалингийн тогтолцооны өөрчлөлттэй холбоотой хоёр тогтоолын төслийг танилцуулж, батлуулахаар тохирлоо. Ингэснээр 5 дугаар сарын 1-нээс багш нар илүү ойлгомжтой, нэмэгдэл нь шингэсэн нэгдсэн цалингаа авч эхлэх нөхцөл бүрдэж байна.





