Төрийн орон сууцны корпорацын (ТОСК) Захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Энхбаатар "Түрээслээд өмчлөх" хэлбэрийн орон сууцны хөтөлбөр болон шинээр ашиглалтад орох төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр орон сууцны хуваарилалтыг ил тод, хүртээмжтэй болгохын тулд цахим систем болон оноожуулах шинэ журмыг нэвтрүүлж байгааг онцолсон юм.
Одоогийн байдлаар ТОСК-ийн зүгээс хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлж байна.
"Солонго 1, 2" хороолол: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж буй тус хорооллын эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг ирэх долоо дугаар сарын үеэр улсын комисс хүлээн авах төлөвлөгөөтэй байна. Улмаар наймдугаар сарын сүүл эсвэл есдүгээр сарын эхээр иргэдийг бүртгэж эхэлнэ.
"Ногоон нуур 1008" айлын орон сууц: Барилгын ажил эрчимтэй үргэлжилж байгаа бөгөөд 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
"Хурдан" системээр дамжуулан бүртгэнэ
Шинэ систем нэвтэрснээр иргэдээс хорооны тодорхойлолт, ажлын газрын бичиг гэх мэт олон төрлийн баримт шаардахгүй болжээ. Бүртгэл tosk.gov.mn сайтаар явагдах бөгөөд төрийн "Хурдан" системээс иргэний мэдээллийг шууд татаж, автоматаар оноожуулах юм.
100 онооны систем ба квот
Сонгон шалгаруулалт нь 100 онооны системээр явагдах бөгөөд дараах бүлгүүдэд квот тогтоосон байна:
Ахмадууд: Нийт байрны 18 хувийг ахмадуудад (өмнө нь 15 хувь байсан).
Залуу гэр бүл: Нийт байрны 15 хувийг.
Гэр хорооллын дахин төлөвлөлт: Яндангаа буулгаж, газраа чөлөөлж буй иргэдэд нэмэлт оноо олгож, давуу тал олгоно.
Бусад үзүүлэлт: Хүүхдийн тоо, татвар төлөлт зэргийг харгалзан үзнэ.
Ж.Энхбаатар дарга "Өмнөх жилүүдийн оочер дарааллыг бид авч хэлэлцэхгүй. Тухайн мөчид системээр үнэлэгдсэн онооны эрэмбээр л шийдэгдэнэ. Мөн ямар нэгэн албан байгууллага, төрийн бус байгууллагад тусгайлан квот олгох, хэн нэгэн дарга, гишүүний дэмжлэгээр байр авах боломжгүй болсон" гэдгийг хатуу санууллаа.
Төлбөрийн нөхцөл ба шаардлага
Энэхүү хөтөлбөр нь халамжийнх биш, харин иргэдийг дэмжих зорилготой тул иргэд тодорхой хэмжээний орлоготой, татвар төлөгч байх ёстой.
-
Түрээслээд өмчлөх: Иргэд эхний нэг жил түрээсээр сууна. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй тохиолдолд өмчлөх хэлбэрт шилжинэ. Улмаар байрны үнийн 30 хувийг 5 хүртэлх жилийн хугацаанд графикийн дагуу хуримтлуулж бүрдүүлэх үүрэг хүлээнэ.
-
Түрээслэх: Түрээсийн хэлбэрийг сонгосон бол 3 сарын түрээстэй тэнцэх барьцаа төлбөрийг урьдчилж байршуулна.
ТОСК-ийн зүгээс сонгон шалгаруулалтын үйл явцыг нээлттэй байлгаж, хэн ямар оноогоор шалгарсан мэдээллийг хувь хүний нууцад халдахгүйгээр олон нийтэд ил тод байршуулна.
Тус төсөл нь ухаалаг дэвшилтэт технологийг шингээсэн, ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн 5002 айлын 66 блок орон сууцны хороолол бөгөөд түрээслээд өмчлөх зориулалттай юм. “Солонго 1,2” төслийн онцлог нь барилга хоорондын зай нь БНСУ-ын барилгын стандартын дагуу төлөвлөгдсөн. Мөн нарны гэрэл халхлагдахгүй, эрчим хүчийг хэмнэх зорилгоор байгаль орчинд ээлтэй шийдлээр нарны эрчим хүч хураагуур ашиглан нийтийн эзэмшлийн хэсгийн гэрэлтүүлгийг цахилгаан хэмнэлтэт аргаар шийдсэн. Интерьерийн хувьд давхар хоорондын чимээ, доргилтыг нэвтрүүлэхгүй, шалны дор зориулалтын дуу тусгаарлагч суурилуулсан юм. Галын дохиолол, хяналтын камер, домофан систем, гадна зогсоолын нэвтрэх системүүдийг нэгдсэн гурван серверээр хянах юм. Түүнчлэн айл тус бүр шилэн кабельд холбогдсон. Ингэснээр интернэтийг өндөр хурдаар ашиглах боломж бүрдэнэ.
Төслийн захиалагчаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, захиалагчийн хяналтыг “ТОСК” ТӨХХК, зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Samoo” түншлэлийн гишүүн “Мүүён си эм” төлөөний газар, ерөнхий гүйцэтгэгч “Колон глобал корпораци, туслан гүйцэтгэгчээр “Гранд слаб инвест” ХХК тус тус ажиллаж байна.





