НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэхэд чиглэсэн нэгэн чухал асуудлыг хэлэлцлээ. НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа ерөнхий боловсролын сургуулиудын спорт болон урлаг заалыг түрээсэлж ашиг олох бус, сурагчдадаа үнэ төлбөргүй ашиглуулах зохицуулалтыг боловсруулан танилцууллаа.
Төлөвлөж буй цагийн хуваарь:
-
Бямба гарагт: 09:00–17:00 цаг
-
Ням гарагт: 10:00–16:00 цаг
Дээрх цагуудад сургуулийн заалыг зөвхөн тухайн сургуулийн сурагчид үнэ төлбөргүй ашиглах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ.
Уг санаачилга хэрэгжвэл сургуулийн заал арилжааны зорилгоор түрээслэгдэх бус, хүүхдүүд авьяас чадвараа хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягт суралцах нээлттэй орон зай болох юм. Энэ нь хүүхэд залуучуудын гэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэлийг бууруулж, чөлөөт цагийг нь үр бүтээлтэй өнгөрүүлэхэд бодит дэмжлэг болно.






