• Нүүр
  • Мэдээний өрөө
  • С.Эрдэнэбат: "Цалинтай ээж" хөтөлбөрийг индексжүүлж, тэтгэмжийг 530,000 төгрөгт хүргэх шаардлагатай

С.Эрдэнэбат: "Цалинтай ээж" хөтөлбөрийг индексжүүлж, тэтгэмжийг 530,000 төгрөгт хүргэх шаардлагатай

"Цалинтай ээж" хөтөлбөрийн хүрээнд олгодог 50,000 төгрөг нь анх чухал дэмжлэг болж байсан ч өнөөдөр үнийн инфляцаас шалтгаалан бодит үнэ цэнээ бүрэн алдсан болохыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат онцоллоо. Тэрээр энэхүү мөнгө нь хүүхдийн нэг сарын живхний зардал төдийгүй, хоёр килограмм махны үнэд ч хүрэхгүй байгааг хэлсэн юм.

Иймд тус тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээ буюу 530,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа бөгөөд төсвийн ачааллыг тооцон дараах хувилбарыг санал болгож байна:

  • Эхний 6 сар: Эмэгтэй хүний хамгийн эмзэг үе болох хүүхэд төрүүлсний дараах эхний хагас жилд тэтгэмжийг шууд олгох.

  • Шаталсан зохицуулалт: Хүүхэд нэг нас хүрэх үеэс тэтгэмжийн хэмжээг арай бууруулах байдлаар шийдэх.

Тэтгэмжийн эх үүсвэрийг Ирээдүйн өв сан эсвэл байгалийн баялгийн ашгаас бүрдүүлж, нийгмийн хамгийн эмзэг хэсэгтээ хүртээх шаардлагатай байгааг тэрээр дурдлаа.

Цаашид халамжийн мөнгөн дүн тогтмол хэвээр байж, бараа бүтээгдэхүүний үнэ сар жилээр өсдөг байдлыг зогсоохын тулд "Цалинтай ээж" хөтөлбөрийг жил бүр индексжүүлж байх саналыг хуульд тусгахаар ажиллаж байна. Одоогоор энэхүү хуулийн өөрчлөлтийг дэмжиж УИХ-ын 10 гаруй гишүүн нэгдэн, лобби бүлэг байгуулан ажиллаж байгаа ажээ.