Дорнод аймгийн Халхгол суманд хээрийн түймэр гарчээ

 

Тодруулбал, тус сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 485 км, сумын төвөөс зүүн урд зүгт 125 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид 10-р сарын 8-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан.

10-р сарын 11-ний өдрийн байдлаар: Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар,  Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын Мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын нийт 109 хүн, 18 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 10-р сарын 12-ны өдрийн 00:55 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Улмаар Мобиком Корпораци ХХК Мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос эхлэн Монгол Улсын хил орчмын алслагдсан бүс нутаг, хилийн боомт болон хилийн цэргийн заставуудад харилцаа холбооны сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттайгаар ажиллаж ирсэн.

Энэ хүрээнд шилэн кабелийн дэд бүтцийг өргөтгөх, үүрэн холбооны 4G сүлжээ нэвтрүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлж, алслагдсан бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэд болон албан хаагчид, тэдний ар гэрийн харилцаа холбооны хүртээмж, мэдээлэл солилцох боломжийг сайжруулахад хувь нэмэр оруулж байна.

Тухайлбал, 2026 онд Халхголын хилийн отрядын бүх заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлэн, сүлжээний чанар, хүртээмжийг сайжруулсан. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцох, одоо байгаа сүлжээний ажиллагааг шалгаж, сайжруулах, цаашид харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах, газар орны нөхцөл байдалтай танилцах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тухайн бүс нутагт хээрийн түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон.

Манай ажилтнууд хилийн цэргийн байгууллагаас зохих журмын дагуу албан ёсны зөвшөөрөл авч, тухайн бүс нутагт нэвтэрсэн болно. Мөн тухайн ажлын хүрээнд орон нутгийн удирдлага, хил хамгаалах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн хамт зорчоогүйг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээжээ.