Иргэн Ц.Лут-Очир 2025 оны тавдугаар сард зохион байгуулагдсан “Огцрох амархан” жагсаалд оролцож байх үеэрээ гэрийнхээ үүдэнд үл таних гурван залуугийн халдлагад өртөж байжээ. Тухайн үед хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан ч прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Хохирогч уг шийдвэрийг үндэслэлгүй хэмээн заргалдаж, хэргийг дахин сэргээн шалгуулжээ.
Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд уг хэргийн гэм буруугийн шүүх хурал болж холбогдох шийдвэрийг гаргасан байна.
Энэ талаар хохирогч Ц.Лут-Очир: “Гүйцэтгэсэн гурван залуу, мөн зохион байгуулсан хүмүүс бүлэглэн, урьдчилан тохирч захиалгаар намайг зодож, санаатай хөнгөн гэмтэл учруулсан болохыг шүүх тогтоолоо. Шүүхээс холбогдох этгээдүүдэд 3-5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноож, хүн зодож олсон хууль бус орлого болох 400 мянган төгрөгийг улсын орлого болгохоор боллоо. Харин прокурорын алдаанаас шалтгаалж хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр захиалагч этгээд ялгүй үлдлээ” хэмээн мэдээллээ.
Жагсаалын үеэр орцных нь үүдэнд гарсан уг халдлагын хэрэг жил гаруй хугацааны дараа ийнхүү шүүхээр эцэслэгдсэн юм. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гэмт хэргийг тодорхой захиалгаар үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд гүйцэтгэгч залуус мэдүүлэгтээ захиалгаар үйлдсэн гэдгээ хэлсэн байдаг. Мөн мөрдөн шалгах явцад захиалагч гэгдэх нэгэн эмэгтэй холбогдсон бөгөөд тэрээр мэдүүлэгтээ жагсаал дээр өөртэй нь муухай харилцсан тул зодуулмаар санагдсан хэмээн тайлбарлажээ.



