Засгийн газрын гишүүнээр томилогдон, Хууль зүй, дотоод хэргийн яамны тамгыг атгахаар болсон Ганзоригийн Тэмүүлэнгийн Авлигатай тэмцэх газарт гаргасан сүүлийн 5 жилийн хөрөнгө, орлогын мэдүүлэгээс харахад түүний хувийн болон гэр бүлийн орлого, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтмол өссөн дүнтэй байна.
Орлого: Хувийн орлого жигд өсөж, гэр бүлийн орлого хоёр дахин нэмэгдэв
Г.Тэмүүлэнгийн хувийн орлого 2021 онд 49.1 сая төгрөг байсан бол 2022 онд 49.2 сая, 2023 онд 62.3 сая, 2024 онд 69.7 сая төгрөг болж нэмэгдсээр 2025 оны мэдүүлгээр 75.7 сая төгрөгт хүрчээ.
Тэгвэл түүний гэр бүлийн гишүүдийн орлого хувийн орлогоос нь даруй өндөр өсөлт үзүүлсэн байна. 2021 онд гэр бүлийн гишүүдийн орлого нь 68.5 сая төгрөг байсан бол 2023 онд 84.8 сая, 2024 онд 88.7 сая, 2025 онд 134.3 сая төгрөг болж, сүүлийн 5 жилд бараг 2 дахин өсжээ. Мөн тэрээр 2024 онд хөрөнгө борлуулсны орлогоос 850 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлсэн байна.
Үл хөдлөх болон автомашин: Үнэлгээ нь тэрбумаар тоологдох болжээ
-
Орон сууц: 2021 онд 361.6 сая төгрөгийн үнэлгээ бүхий 3 нийтийн орон сууцтай байсан бол 2022 онд 4 орон сууц (1.36 тэрбум ₮), 2023 онд 2 орон сууц (1.29 тэрбум ₮) болсон байна. Тэгвэл 2024–2025 оны мэдүүлгээр 3 нийтийн орон сууцных нь нийт үнэлгээ 2.21 тэрбум төгрөг болж, үнэлгээний хувьд 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.
-
Тээврийн хэрэгсэл: Түүний эзэмшдэг авто тээврийн хэрэгслийн үнэлгээ 2021 онд 535.2 сая төгрөг байсан бол 2024 онд 1.55 тэрбум ₮, 2025 онд 1.22 тэрбум төгрөг болжээ. Албан мэдүүлэгт дурдсанаар тэрээр туулах чадвар өндөр Lexus LX 600 болон Mercedes-Benz G 500 маркийн авто машинуудыг эзэмшдэг байна.
Мал хөрөнгө, хадгаламж, зээл
-
Адуу: Мал хөрөнгийн үнэлгээ нь 2021 онд 288.6 сая төгрөг байсан бол 2022 оноос эхлэн 523.6 сая төгрөгт хүрч тогтворжжээ. 2025 оны байдлаар тэрээр хурдан удмын болон энгийн нийт 72 толгой адуутай (52 хурдан удмын адуу, 20 энгийн адуу).
-
Хадгаламж: Банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах дансны үлдэгдэл нь 2021 онд 110 сая төгрөг байсан бөгөөд 2025 онд 94.4 сая төгрөг болжээ. Мөн 15 сая төгрөгийн үнэт эдлэл мэдүүлсэн байна.
-
Зээл: 2021 онд зээлийн үлдэгдэлгүй байсан бол 2022 онд 684.5 сая, 2023 онд 1.11 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2025 оны байдлаар зээлийн үлдэгдэл нь 303 сая төгрөг болж буурсан байна.
Компани болон хувьцааны оролцоо
Г.Тэмүүлэн нь Евроконстракшн ХХК (100%), ТТЕМ ХХК (34%), Ханбүргэдэй ХХК (20%)-ийн хувьцааг эзэмшдэг бөгөөд Харте Голд Корп ХК, Хемостемикс ХХК, Ярлаг ХХК зэрэг хуулийн этгээдүүдэд хувьцаа болон хөрөнгө оруулалттай гэж АТГ-т мэдүүлжээ.



