УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Баян-Өлгий аймагт амьдарч буй үндэстний цөөнхийн эрхийн асуудлыг хөндөн, өөрийн байр сууриа хатуу илэрхийллээ. Тэрбээр олон мянган иргэн төрөлх нутагтаа амьдрах нөхцөлгүй болж, өвөг дээдсийнхээ газар уснаас дайжин явахад хүрээд байхад төр, засаг хангалттай анхаарал хандуулахгүй байгааг шүүмжилсэн юм.
М.Нарантуяа гишүүн Баян-Өлгий аймагт цөөнх болон амьдарч буй тува, урианхай зэрэг тус угсаатны бүлгүүдийн эрх ашгийн талаар дурдахдаа:
"Тэнд амьдарч буй 10 гаруй мянган хүн ч гэсэн Монгол Улсын иргэд. Эдгээр иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж, төрсөн нутаг, Өлгий нутгаа орхихоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрээд байхад төр, засаг яагаад мэдээгүй юм шиг суудаг вэ? Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) яагаад энэ асуудлыг Улсын Их Хурал болон төрийн холбогдох байгууллагуудад өнөөдрийг хүртэл танилцуулж, далайцтай арга хэмжээ аваагүй бэ гэдэг нь өөрөө том асуудал" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Мөн тэрбээр Баян-Өлгий аймаг дахь засаг захиргаа, соёлын давамгайллаас үүдэж, бусад цөөнх иргэд дарамт шахалт, заналхийлэл дунд амьдарч байгааг нуусангүй. Тодруулбал, цаад талдаа казак үндэстнийг "үндэстний цөөнх" хэмээн төрөөс онцгойлон анхаарч, найр тавьж байх хооронд тухайн бүс нутагтаа бодит байдал дээр цөөнх болоод буй Монголын бусад ястнуудыг дээрэлхэж, үр хүүхдээр нь хүртэл сүрдүүлдэг хаалттай тогтолцоо үүссэнийг тэмдэглэв. Энэхүү дарамт шахалтын улмаас иргэд өвөг дээдсийнхээ голомтыг орхин нүүхээс өөр аргагүйд хүрч буй тул тэдний эрх ашгийг яаралтай хамгаалах шаардлагатай байгааг онцолсон юм.
УИХ-ын хаврын ээлжит чуулган өндөрлөж байгаа хэдий ч уг асуудлыг орхигдуулахгүй гэдгээ тэрбээр мэдэгдлээ. Түүнчлэн зуны хугацаанд болон ирэх намрын чуулганы үеэр энэ асуудлыг үргэлжлүүлэн хөөцөлдөж, УИХ болон Засгийн газрын түвшинд тусгайлан анхаарал хандуулан, бодит шийдвэр гаргахын төлөө ажиллахаа илэрхийлэв.





