Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар хэвлэл мэдээллийн салбарынхантай газар олгох замаар "наймаалцсан" байж болзошгүй гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Иргэн Г.Уянгын зүгээс "Eguur.mn" сайтын эрхлэгч Ж.Мядагбадам Сүхбаатар дүүргийн Сэлбэ орчимд нэг өдрийн дотор 8 нэгж талбар бүхий газрыг эзэмших эрх авсан баримтыг дэлгэсэн юм.
Сэтгүүлч Ж.Мядагбадамын тайлбар: "Худалдан авч бөөгнүүлсэн, хууль ёсны шилжилт"
Сэтгүүлч Ж.Мядагбадам өөрийн байр суурийг илэрхийлэхдээ, уг газруудыг хотын даргаас авсан асуудал биш, бусад иргэдээс худалдан авч шилжүүлсэн хууль ёсны үйл явц хэмээн тайлбарлав.
-
Газрын түүх: Уг орчинд анх 2018-2019 онд өөрийн эзэмшлийн 1 нэгж талбар газартай байсан. Сүүлийн жилүүдэд (2024–2025 онд) зэргэлдээх 400–700 м² талбайтай газруудыг өмнөх эзэмшигч гурван иргэнээс болон өөрийн дүүгийн нэр дээрээс худалдан авч нэгтгэсэн.
-
Нэг өдөр гарсан гэрчилгээний учир: Худалдан авсан газруудын кадастрын зураг, татвар, хуримтлал, бичиг баримтыг гүйцэд бүрдүүлж байгаад 2025 оны төгсгөлд Сүхбаатар дүүргийн Газрын албанд нэг дор өгсөн. Дүүргийн газрын алба хуульд заасан 30 хоногийн хугацаанд хүсэлтийг шийдвэрлэж, гэрчилгээнүүдийг нэгэн зэрэг цахимаар олгосон тул системд огноо нь ижил харагдаж байгаа.
-
Цахим системийн онцлог: "E-Gazar" зэрэг цахим мэдээллийн системд зөвхөн сүүлчийн гэрчилгээ олгосон огноо харагддаг, өмнөх шилжилтийн түүх нийтэд харагддаггүй нь ийм хардлага үүсэхэд хүргэсэн гэж үзжээ.
Түүнчлэн тэрбээр "Би хувийн компани эрхэлдэг хувь иргэн. Иргэний хувьд хуулийн дагуу газар худалдан авах, эзэмших, зусландаа амьдрах эрхтэй. Үүнд ямар нэг танил тал, албан тушаалын нөлөө ороогүй" гэдгийг тодотгосон юм.




