• Нүүр
  • Мэдээний өрөө
  • И.Баттөгс: Чанаргүй зам барьсан ААН-үүдэд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна

И.Баттөгс: Чанаргүй зам барьсан ААН-үүдэд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс тус дүүргийн хэмжээнд авто болон явган замын бүтээн байгуулалтын ажил шинээр гүйцэтгэж буй болон одоо ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга өнгөрсөн онд ашиглалтад орсон зарим замууд эвдэрч, хагарч, ховхорсон асуудлыг шүүмжлээд "Жилийн настай зам гэж байх ёсгүй. Чанаргүй гүйцэтгэлийн цаана иргэдийн татварын мөнгө үрэгдэж байна" хэмээн цохон тэмдэглэв. Тиймээс замын бүтээн байгуулалтын ажлыг илүү чанаржуулж, сэтгэлтэй, үр бүтээлтэй ажиллахыг гүйцэтгэгч компаниудад уриаллаа.

Уулзалтаар өгсөн гол чиглэлүүд:

  • Хариуцлага тооцох: Чанаргүй зам барьж, гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна.

  • Хугацааг шахах: Он дамнасан болон заасны дагуу явагдахгүй удааширсан замын бүтээн байгуулалтын ажлуудыг яаралтай дуусгаж, ашиглалтад оруулах үүрэг өгөв.

  • Стандарт мөрдүүлэх: Явган болон авто замын чанарт тавих хяналтыг чангаруулж, ашиглалтын хугацааг уртасгахад анхаарна.

Бүтээн байгуулалтын ажил идэвхжиж буй энэ үед дүүргийн захиргаанаас замын ажлын гүйцэтгэл, чанарт тогтмол хяналт тавьж ажиллахаа мэдэгдлээ.