• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Х.Нямбаатар яллагдагчаар татагдаж, Т.Даваадалай нарын хэрэг шүүхэд шилжлээ

Х.Нямбаатар яллагдагчаар татагдаж, Т.Даваадалай нарын хэрэг шүүхэд шилжлээ

Авлигатай тэмцэх газраас "Туулын хурдны зам" төслийн тендертэй холбоотой эрүүгийн хэргийг  шалгаж дуусан, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай, түүний дүү Т.Мөнхдалай болон эхнэрийнх нь дүү Н.Билгүүн нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Мөн уг хэрэгтэй холбогдуулан Улаанбаатар хотын дарга асан Х.Нямбаатарыг Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалтаар яллагдагчаар татсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хотын орлогч Т.Даваадалай нар нь албан тушаалын байдлаа ашиглаж, тендерийн сонгон шалгаруулалтад нөлөөлөх замаар олон тэрбум төгрөгийн авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Тэд авлигын мөнгийг дараах хуулийн этгээдүүдийн банкны дансаар дамжуулан угааж, өөрийн болон бусдын хувийн хэрэгцээнд зарцуулсан гэж хууль сахиулах байгууллагаас үзэж байна. Үүнд:

  • БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн

  • “Си Эс Си И Си Айком - Авангард уран дизайн энд инженеринг” ХХК

  • Т.Даваадалайгийн эхнэрийн эзэмшлийн “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК

Хотын дарга асан Х.Нямбаатарт Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйл буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэх үндэслэлээр зүйлчлэн яллагдагчаар татсан юм. АТГ-аас хэргийг шүүхэд шилжүүлснээр тов гарч, шүүгдэгчдийн гэм буруугийн асуудлыг шүүхийн шатанд эцэслэн шийдвэрлэхээр болж байна.