• Нүүр
  • Мэдээний өрөө
  • Ч.УНДРАМ: ОРОН СУУЦНЫ ХОХИРОГЧДОД НЭГ УДААГИЙН ХУУЛИАР ТӨРӨӨС ДЕМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ХОХИРОЛЫГ ЭХЭНД НЬ БАРАГДУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Ч.УНДРАМ: ОРОН СУУЦНЫ ХОХИРОГЧДОД НЭГ УДААГИЙН ХУУЛИАР ТӨРӨӨС ДЕМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ХОХИРОЛЫГ ЭХЭНД НЬ БАРАГДУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Орон сууц захиалагч, худалдан авагчдын эрх ашиг зөрчигдөж, олон жил байргүй, мөнгөгүй хохирсон иргэдийн асуудал нийгмийн нэн чухал сэдэв болоод байна. Өргөдлийн байнгын хороонд ирсэн мэдээллээр 3,910 иргэн орон сууц захиалаад, үйлчилгээний төлбөрөө өгөөд ямар нэг байдлаар хохирсон нөхцөл байдалтай байгаа юм. Эдгээр иргэд өөрсдийн дуу хоолойг нэгтгэн төрийн бус байгууллага байгуулан тэмцэж буй бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Ундрам тус асуудалд доорх байр суурь, тодорхой гарц шийдлийг дэвшүүллээ.

Иргэд орон сууцны захиалга, барилгын салбарын хариуцлагагүй байдлаас болж дараах үндсэн гурван төрлийн кейсээр хохирч байна.

  1. Нийслэлийн дахин төлөвлөлтөд оролцсон иргэд: Нийслэл, иргэн, хувийн компани гэсэн гурвалсан гэрээ байгуулан газраа өгсөн эсвэл түрээсийн байранд хүлээж байгаа иргэд. Тэд олон жилийн турш байшингаа хүлээж, хохирсоор байна.

  2. Зөвшөөрөлгүй компанийн хохирогчид: Тусгай зөвшөөрөлгүй компаниуд захиалга авч, барилгаа дуусгалгүй дампуурсан тохиолдлууд.

  3. Тусгай зөвшөөрөлтэй ч дампуурсан компаниуд: Тодорхой хэмжээнд барилгын ажил явагдсан ч цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж дампуурсан нөхцөл байдал.

Асуудлыг шийдвэрлэх арга зам ба Ч.Ундрам гишүүний санал

Орон байр гэдэг бол хүний амьдрах, ажиллах анхдагч бөгөөд суурь хэрэгцээ юм. Иймээс уг асуудлыг шүүх, цагдаагийн шатанд олон жилээр сунжруулах биш, дараах байдлаар шуурхай шийдвэрлэх шаардлагатай гэж УИХ-ын гишүүн Ч.Ундрам үзэж байна.

  • Дахин төлөвлөлтийн хохирогчдыг шууд орон сууцаар хангаж эхлэх: Нийслэлийн дахин төлөвлөлтөд оролцсон иргэдийн асуудлыг төр хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой. Нийслэл 2024 онд 500 сая ам.долларын бонд босгон Сэлбэ дэд төвийг барьж, дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байгаа. Нэгэнт хэрэгжиж буй энэхүү төслийн орон сууцанд дахин төлөвлөлтөд орж хохирсон иргэдийг шууд оруулах бүрэн боломжтой.

  • Нэг удаагийн хууль гаргаж, иргэдийн хохирлыг эхэнд нь барагдуулах: Өнөөгийн хууль эрх зүйн орчинд иргэд нэг нэгээрээ шүүхэд хандаж, асуудлыг шийдвэрлэх гэж үзэх нь цаг хугацааны хувьд хэзээ ч бүтэхгүй шийдэл юм. Барилгын тухай хууль боловсронгуй бус, төрийн хяналт сул байснаас зөвшөөрөлгүй барилга баригдсан тул энд төрийн буруутай үйл ажиллагаа, алдаа бас бий. Иймд Нэг удаагийн хууль санал болгож байна. Төрөөс нэг удаагийн хуулиар иргэдэд шаардлагатай санхүүжилтийг гаргаж өгөх эсвэл орон сууцанд оруулж хохирлыг нь барагдуулсны дараа, буруутай барилгын компаниудаас хохирлын мөнгийг шүүх, цагдаагийн байгууллагаар дамжуулан нэхэмжилж буцаан төсөвт төвлөрүүлэх зарчмаар ажиллах нь зүйтэй.

"Иргэд мөнгөө төлчихөөд, үр хүүхэдтэйгээ гадаа амьдарч, тэдний эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох суурь эрх нь хөндөгдөж байна. Төр эхлээд иргэдийнхээ хохирлыг барагдуулж асуудлыг шийдчихээд, хариуцлагагүй барилгын компаниудтайгаа дараа нь шүүх цагдаагаар яван хохирлоо нэхэмжилж авах ёстой."

— УИХ-ын гишүүн Ч.Ундрам