Поп од Ариана Гранде хамтран ажиллагсдынх нь компьютерт хууль бусаар халдаж, цацагдаагүй шинэ дуу болон студийн бичлэгүүдийг нь цахим орчинд задруулсан гэх нэр нь тодорхойгүй хоёр хакерын эсрэг шүүхэд нэмэмжлэл гаргалаа.
Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, дуучин бүсгүй Лос-Анжелес хотын шүүхэд гаргасан гомдолдоо хакерууд түүний уран бүтээлүүдийг "дарк вэб"-ээр (dark web) дамжуулан "их хэмжээний мөнгөөр" зарах зорилгоор халдсан гэж мэдэгдсэн байна.
Шүүхийн баримт бичигт: "Зөвхөн 2023 онд л гэхэд хакерууд халдлага үйлдэн, түүний задарч амжаагүй 45 дууг хулгайлж, олон нийтэд цацсан." гэжээ.
Түүний хуульчид хакеруудын хэн болохыг илрүүлж, хариуцлага тооцохын тулд ийнхүү шүүхийн нэхэмжлэл гаргаснаа мэдэгдсэн юм.
Тэрээр 2024 онд Швед гаралтай поп продюсер Макс Мартинтай хамтран бичүүлсэн, цахим орчинд viral болоод байсан "Fantasize" дууныхаа талаар "Zach Sang" шоуд оролцохдоо дурдаж байв.
Тэрээр: "Wicked киноны зураг авалтад явахаас өмнө студид бичүүлсэн хэд хэдэн хувилбар маань одоо TikTok-оор нэг тархчихсан байна. Танд маш их баярлалаа, удахгүй шоронгоос уулзацгаая. Үнэхээр шүү" хэмээгээд "Тэдгээр дуунууд миний хувийн уран бүтээл биш, тэс өөр ТВ шоунд зориулж бичигдсэн байсан. Гэтэл Fantasize дуу задарч, галзуу юм шиг л тренд боллоо... Ийм хулгайч, дээрэмчид хууль бус зүйл хийж байна!" гэж ярьж байжээ.
Олон жилийн турш үргэлжилсэн халдлага
Түүний гаргасан нэхэмжлэлд Грандегийн хамтран ажиллагсдын хувийн аккаунтууд руу олон жилийн турш системтэйгээр халдсан хууль бус үйлдлүүдийг дэлгэрэнгүй дурджээ.
Тухайлбал, 2025 онд хариуцагч нар Грандетай хамтран ажилладаг нэгэн продюсерын гар утсыг хакердаж, дууны эх хувилбарууд, демо бичлэгүүд болон дуу бичлэгийн явцын бичлэгүүдийг авсан байна.
Дуучин бүсгүй хакеруудыг "түүний болон шүтэн бишрэгчдийнх нь хоорондох нандин харилцаанд халдсан" гэж буруутгаж байгаа бөгөөд хувийн орон зайд халдсан, Калифорни мужийн компьютер хакердах тухай хуулийг зөрчсөн, бусдын өмчийг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр шүүхэд өгөөд байна.
Түүний хуульчид: "Хатагтай Грандегийн хувийн орон зайд хорлонтойгоор халдаж, карьерынх нь хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан нь түүнд асар их, нөхөж баршгүй хохирол учрууллаа" гэж мэдэгдэв.
Шүүхэд нэхэмжлэл гаргасан энэ үе нь Ариана Грандегийн 8 дахь студийн цомог болох "Petal" энэ баасан гарагт нээлтээ хийх гэж байгаатай давхцаж байна. Тэрээр одоогоор дэлхийг тойрон аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд ирэх 8 дугаар сард Их Британид тоглохоор төлөвлөжээ.





