Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж, эрүүгийн хариуцлага оногдууллаа.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эрдэнэсүхийг эхнэр О.Нарангаравынхаа биед санаатайгаар хөнгөн хохирол учруулсан, байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, тээврийн хэрэгсэлд нь GPS төхөөрөмж байршуулан мөрдөн мөшгисөн, мөн 16 настай хүүгээ зодож, гэрээсээ хөөх зэргээр хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
Шүүхээс прокурорын яллах дүгнэлтийн зарим хэсэг буюу "2005-2020 онуудад эхнэрээ байнга зодсон" гэх үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ. Тэгвэл үлдсэн дараах гурван гэмт хэрэгт түүнийг гэм буруутайд тус тус тооцсон байна.
Шүүгдэгч Б.Эрдэнэсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу дараах ялуудыг оногдуулав:
-
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан (11.6 дугаар зүйлийн 2) гэмт хэрэгт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял;
-
Гэр бүлийн хамаарал бүхий хохирогч О.Нарангаравыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан (11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2) гэмт хэрэгт 1 жилийн хорих ял;
-
Гэр бүлийн хүчирхийллийг насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдсэн (11.7 дугаар зүйлийн 2.1) гэмт хэрэгт 2 жилийн хорих ял;
-
Бусдыг мөрдөн мөшгисөн (13.12 дугаар зүйлийн 1) гэмт хэрэгт 1 жилийн хорих ял тус тус оноолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу шүүхээс хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 6 сараар тогтоосон байна.
Шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан Б.Эрдэнэсүхийг өнөөдрөөс эхлэн шууд цагдан хорихоор шийдвэрлэжээ.



