Танилц: Шинэ Хууль зүйн сайд Г.Тэмүүлэн

МАН-ын Удирдах зөвлөлийн өнөө өглөөний хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн (ХЗДХ) сайдад УИХ-ын гишүүн Ганзоригийн Тэмүүлэнг томилох асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг болон харьяа зарим агентлагийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараа шинэ сайдын томилгоог ийнхүү танилцуулснаар Г.Тэмүүлэн тус албан тушаалд очихоор болж байна.

Г.Тэмүүлэн нь олон улсын харилцааны чиглэлээр боловсрол эзэмшсэн. Тэрээр хуульч мэргэжилтэй биш ч УИХ-д олон жил сууж, хууль тогтоох болон төсөв, гадаад бодлогын томоохон байнгын хороодыг ахлан ажилласан туршлагатай.

Салбарынхан болон улс төр ажиглагчид түүнийг хууль зүйн нарийн заалт гэхээсээ илүүтэй төсөв, санхүүгийн сахилга бат, гадаад харилцаа болон институцийн тохироог сайн гадарладаг, гүйцэтгэх засаглалд "менежер"-ийн ролоор ажиллах амбицтай улстөрч гэж тодорхойлдог.

Нээлттэй мэдээллийн эх сурвалж болон АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь үзвэл, түүний хамаарал бүхий компаниуд барилга, аялал жуулчлал, гадаад худалдаа болон хоол үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. ХЗДХ-ийн сайдаар ажиллах хугацаандаа салбарын реформ, хуулийн хэрэгжилтийг хангахдаа хувийн бизнес болон ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн ангид байж, зааг ялгааг гаргах вэ гэдэг нь түүний эхний сорилт болно.

ХЗДХЯ бол танхимын хэмжээнд хамгийн халуун цэгт тооцогддог, цагдаа, шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх, иргэний бүртгэл, хил хамгаалах зэрэг хүчний болон харьяа агентлагуудыг базаж байдаг бүтэц. Н.Учралын Засгийн газрын кабинетэд шинээр орж ирж буй Г.Тэмүүлэнд дараах гол хүлээлтүүд шууд тулгарна:

  • Салбарын болон шүүх засаглалын шинэчлэл: Хууль хэрэгжүүлэх байгууллагуудыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгаж, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх.

  • Хүний эрхийн хамгаалалт: Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, жагсах, цуглах эрхийг хангах чиглэлд цагдаа болон дотоодын цэргийн бүтцийн хандлага, зохицуулалтад шинэчлэл хийх.

  • Авлигатай тэмцэх үйл явц: Хуулийн заалтуудыг цаас дээр бус хөрсөн дээр бодитой хэрэгжүүлж, агентлагуудын ажлын сахилга батыг сайжруулах.

С.Амарсайханаас халаагаа авч буй Г.Тэмүүлэн хууль зүйн салбарын энэхүү хатуу бөгөөд хариуцлагатай реформыг хэрхэн зангидаж ажиллахыг цаг хугацаа харуулах үлдээд байна.