УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Энэхүү хуулийн төсөл нь төсвийн сахилга бат, ил тод байдлыг хангах, төсвийн зардлын тооцооллыг олон нийтэд нээлттэй болгох чиглэлээр санаачлан боловсруулагдсан байна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулахдаа дараах гол асуудлуудыг онцоллоо:
Төсвийн өсөлт ба бодит үр дүнгийн зөрүү
-
Улсын төсвийн урсгал зардал 2020 онд 10 их наяд төгрөг байсан бол 2025 онд 24 их наяд төгрөгт хүрч, бараг 2 дахин өссөн байна.
-
Төсвийн зардал хоёр дахин өссөн ч төрийн үйлчилгээний болон иргэдийн амьдралын чанар төдий хэмжээгээр сайжирсан уу гэдэгт бодит дүгнэлт хийх шаардлагатайг санууллаа.
-
2024 оны төсөвт туссан хөрөнгө оруулалтын 1049 төслийн 52% нь он дамжин хэрэгжих төсөл байсан бөгөөд орон нутагт шилжүүлсэн хөрөнгө оруулалтын 81% нь улсын хөгжлийн төлөвлөгөөтэй нийцээгүй байжээ.
Хуулийн төслийн үндсэн 3 чиглэл
-
Хөрөнгө оруулалтын шийдвэрийг үндэслэлтэй, хянах боломжтой болгох:
-
Төсөл, арга хэмжээг эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол, бэлэн байдлын шалгуурт үндэслэн нэгдсэн оноо, эрэмбийн дагуу сонгодог болно.
-
Тухайн төсөл яагаад сонгогдсон, ямар шалгуураар үнэлэгдсэнийг олон нийт хянах боломж бүрдэнэ.
-
-
Урсгал зардал, тооцооллыг нарийвчлан ил тод болгох:
-
Урсгал зардлын нэр, төрөл, зориулалт, нэгж тоо хэмжээ, нэгдсэн дүн болон хүлээгдэж буй үр дүнг нарийвчлан мэдээлэх зохицуулалтыг тусгасан.
-
Үндэсний аюулгүй байдал, төрийн нуцтай холбоотой мэдээллийг хуульд заасан хүрээнд хамгаална.
-
-
Төсөв боловсруулахад иргэдийн оролцоог бодитой болгох:
-
Олон улсын судалгаагаар Монгол Улс төсвийн нээлттэй байдлын иргэдийн оролцооны үзүүлэлтээр 100 онооноос 35 оноо авсан байна.
-
Иргэдээс авсан саналыг хэрхэн шийдвэрлэсэн тайлбарыг заавал нээлттэй мэдээлдэг тогтолцоонд шилжинэ.
-
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нийт 24 хэсэг, заалтыг хамруулсан бөгөөд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн 69 саналыг судалан тусгажээ.



