Дархан-Уул, Сэлэнгэ аймагт "Оюу толгой" компанийн “100 сая мод өвлүүлэн үлдээе!” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй масс ойжуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа 5 гэрээт компанийн нэг нь Говийн Улиас ХХК юм. Тэд үр бэлтгэхээс эхлээд тарьц бойжуулж, ойжуулалтын талбайд шилжүүлэн суулгах, цаашид арчилж ургуулах зэрэг бүх үе шатыг агротехникийн стандартын дагуу хэрэгжүүлж байна. Говийн Улиас ХХК-ийн мод үржүүлгийн газрын залуу гэр бүлийг бид онцоллоо.
Говийн Улиас ХХК-ийн ажилтан Н.Мөнх-Очир Энэ ажилд ороод мод тарьж, суулгаж байгаадаа маш их баяртай байна. Эхнэр бид хоёр ер нь буян үйлдэж байна л гэж бодож ажилладаг. Анх напелион тортоор дугаарыг нь авч байлаа. Одоо бол хамтдаа амьдарч хамтдаа мод тариад хэдийн 16 жил өнгөрсөн байна. Дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өгсөн ханьдаа маш их хайртай.
-Анх яаж танилцаж байсан бэ?
Эхнэр маань анх дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Тэр үед анх харчхаад “за энэ бүсгүйг л авч сууна даа” гэж бодож шийдсэн. Оюутан хүүхдүүдэд “напелион авч өгье тэр эгчийнхээ дугаарыг надад олоод өг” гэж хэд хэдэн удаа оролдож байсан. Тэгээд зориг гаргаж өөрөө дэлгүүрт нь явж ороод дэлгүүрт нь байхгүй барааг нь асуусаар байгаад санаа зовоод гарч явсан юм. Тэр цагаас хойш дугаарыг нь ч олж аваад, үе үе дэлгүүрээр нь орж гарсаар танилцаж билээ.
-Гэр бүлийн хамгийн хамгийн эрхэм нандин тэр зүйл нь юу гэж та боддог вэ?
Гэр бүл байж удаан оршин тогноход хамгийн чухал нь нэг нэгнээ ойлгож хүндлэх яюдал байх гэж бид бодож явдаг. Тийм ч учраас өдийг хүртэл 16 жил хамтдаа дөрвөн сайхан хүүхдийн аав ээж болоод явж байгаа байх. Эхнэрээ үргэлж л дэмжиж, хүнд хэцүү үед нь түшиж тулж, хажууд нь дэм болохыг их хичээдэг. Дөрвөн сайхан хүүхэд төрүүлээд хайрлаад халамжлаад байгаа хүнийг чинь би л ойлгож, хайрлах ёстой хүн нь шүү дээ
-Та хоёр өдөрт хичнээн мод тарьж байна. Гадаа халуунд хэцүү байна уу?
Өдөрт хэдэн мод тарьсанаа яг хэлж мэдэхгүй байна. Дунджаар хоёр мянга орчим л байх. Мод тарих нь өөрөө их буянтай ажил гэж боддог. Эхнэр бид хоёр хамтдаа амьдраад, хамтдаа мод тариад хэдийн 16 жил өнгөрчээ. Цаг хугацаа гэдэг жаргалтай, хийх юмтай байхад их л хурдан өнгөрөх юм. Гадаа халуун байсан ч дасчихсан. Агаарт ажиллана гэдэг их л сайхан.
-Говийн Улиас ХХК-ийн ажилтан Х.Бадмаа
Бид Сэлэнгэ аймгийн уугуул хүүхдүүд. Коллежид хамтдаа сурч төгссөөд одоог хүртэл хамт амьдарч байна.Ойжуулалтын чиглэлээр ажилладаг. Говийн Улиас ХХК-д нөхрийн хамт ажиллаад эх орондоо буянтай, тустай ажил хийж байгаадаа туйлын их баяртай байдаг. Ер нь нөхөр бид хоёр их л буянтай ажил хийдэг хүмүүс. Энэ жил том хүүхэд минь 16 настай.
-Анх нөхөртэйгөө хэрхэн танилцаж байсан бэ?
Анх Миний хань намайг харах гэж манай дэлгүүрт байнга орж ирдэг байсан. Төд удалгүй манай нутгийн хоёр хүү дэлгүүрт минь орж ирээд миний дугаарыг асууж байсан. Яах гэж байгаа талаар лавлахад тоймтой хариулт хэлээгүй. Одоо бодох нь ээ миний хань л явуулж дугаарыг минь аваад өгөөч гэсэн юм байна лээ. Хэхэ бид хоёр их удаан мэссэжээр харилцсан. Би нэгжгүй болчихлоо гэж эрхлээд л нэгжээ авхуулчихдаг байсан. Лав л надаар нэг удаа ч нэгж авхуулж үзээгүй юм. Хайр халамж нь дэндүү их хүн дээ.
-Нөхөртэйгөө танилцснаас хойш өнгөрүүлсэн хамгийн дурсамжит мөчөөс багахан хуваалчаж болох уу?
Арай л олон жил жаргалтай амьдарчихав уу даа гэж хааяа боддог. Эргээд бодоход их сайхан байна. Анх түрээсийн байранд ганц хөнжил, гудастай ороод л амьдралаа эхлүүлж байлаа. Тэр цагаас хойш олон л ажил хийсэн. Бидний ажлын онцлог нь улирлын чанартай учраас хүйтний үед амьдрахын тулд юм юм л хийдэг. Хүн ер нь болгоно, бүтээнэ гэвэл болдог л юм билээ. Унаж шантрах үед минь хамтдаа унаж босох үед нь хамтдаа босож өдийг хүртэл цаг хугацааг элээсэн ханьдаа маш их талархаж амьдардаг





