Туулын хурдны замын төслийг эсэргүүцэн жагссан “Хатан туулаа хамгаалъя” хөдөлгөөний оролцогч Х.Уянга өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны ерөнхий хяналтын сонсголд илтгэл тавьж, "Цагдаад 36 удаа дуудлага өгч, гурван удаа шүүхэд дуудагдсан" талаараа мэдээллээ.
Иргэн Х.Уянга 2026 оны гуравдугаар сарын 19-нд “Туулын бургасыг хядаж байна” гэх мэдээллийн дагуу иргэний үүргээ биелүүлэн, Туул голоо хамгаалах зорилгоор голын эрэг дагуу очиход БНХАУ-ын иргэн том оврын экскаватороор бургас их хэмжээгээр хядаж байхтай таарчээ. Улмаар "Хатан Туулаа хамгаалъя" хэмээх тэмцлийг бусад Туул голоо хамгаалах хүсэлтэй иргэдтэй нэгдэн эхлүүлж, байгаль орчноо хамгаалах зорилгоор үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж эхэлсэн юм. Хамгийн гол анхаарал татах асуудал нь "Туулын хурдны зам" төслийн гүйцэтгэгч компани болох БНХАУ-ын "Хао Юань Женерал" ХХК нь ажил эхлүүлэх ямар нэгэн зохих зөвшөөрөлгүй байснаас гадна Нийслэлийн зүгээс тус төслийг хэрэгжүүлэхдээ олон нийтээс санал асуулга авч, хэлэлцүүлэг явуулаагүй нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Мөн нэг км зам 70 тэрбумын төсөвт өртгөөр бүтэхээр тооцоолсон зэргээр судалгаа, шинжилгээ, бодит байдалд үндэслээгүй хэмээн ихээхэн шүүмжлэлд өртсөн. Тэгвэл тус хөдөлгөөнд хамгийн идэвхтэй оролцогчдын нэг болох Х.Уянга өнгөрсөн гуравдугаар сараас хойш ямар асуудлууд тулгарч байсан талаараа мэдээлэл өгснийг дараах хэсэгт хүргэе. Түүнд олон төрлийн сүрдүүлэг ирэхээс гадна хүүхдүүд рүү нь чиглэсэн сүрдүүлэг иржээ.
Х.Уянга: Бид Хатан Туулаа хамгаалахын төлөө гуравдугаар сарын 21-нээс Маршалын гүүр дээр жагсаж эхэлсэн. Мөн уг хөдөлгөөнд оролцогч иргэд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар болон Хүний Эрхийн Үндэсний Комисст урьдчилан мэдэгдэж, үйл ажиллагаандаа хяналт тавихыг хүссэн. Нийслэлийн инженер Ш.Баранчулуун, Нийслэлийн нэгдүгээр орлогч Т.Даваадалай нар “Хурдны зам экологид алдагдал учруулахгүй, бургаснууд өмхийрсөн” гэж иргэдэд ухуулга хийж, иргэдийг “Жүжээчид” хэмээн доромжилсон. Доромжлол ганц үгийн хэлбэрээр зогсохгүй, текст хэвлэл мэдээллээр ч мөн доромжилж, бүр кино хийх хэмжээнд хүрч доромжилсон.
Гуравдугаар сарын 30-нд Төрийн ордонд болсон уулзалтаар "Хао Юань Женерал" компанийн өмнөх ажлуудыг танилцуулсан. Миний хувьд Сербийн Зам, Тээврийн Яамнаас баримт тулгаж шалгахад, тухайн төслүүдийг өөр компаниуд хийсэн нь нотлогдсон. Миний хувьд хувийн журмаар нийтдээ 36 удаа цагдаад дуудлага өгч, олон нийтэд нээлттэй мэдээллийг мөшгөн Нийслэлийн нэгдүгээр орлогч Т.Даваадалайн хувийн компани нэгдүгээр тойрог зам болон “Метро” төсөлд оролцож байгааг илрүүлсэн. Уг мэдээлэл нийгэмд тархсаны дараа Т.Даваадалай цагдаад хоригдсон. Усны газар болон Туулын сав газрын мэдээллүүдийг цуглуулж нотолсны үндсэн дээр тус зам хууль бус болох нь тогтоогдсон хэдий ч хотын захирагч Х.Нямбаатар намайг албан тушаалдаа байх хугацаандаа гурван удаа шүүхэд өгсөн. Улмаар Сүрдүүлгүүд нь шинэ хэлбэрт орж, миний хүүхдүүд рүү чиглэж эхэлсэн. Энэ сүрдүүлгүүд над руу болон ар гэр рүү маань чиглэсээр байгаа. Мөн энэ өрөөнд сууж байгаа нэг хүн над руу залгаж, намайг сүрдүүлсэн.” хэмээн тэрээр Туулын хурдны замын төслийг эсэргүүцэж ажилласантай холбоотой өөрт болон гэр бүлийнхэн, тэр дундаа хүүхдүүдэд нь дарамт, сүрдүүлэг ирсэн гэж ярилаа.





