Олон нийтийн хяналт тавигдаагүй сэдвүүд ил болсны нэг нь 45 суудалтай НИТХ-ын төлөөлөгчдийн 43 нь “Давхар дээл”-тэй байгаа асуудал шүүмжлэл дагуулж дуусаагүй байтал НИТХ-ын хуралдаан дээр хамгийн их анхаарал татсан асуудлуудын нэг нь өвөлжилтийн бэлтгэл байлаа.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Нийслэлтэй холбоотой бүтээн байгуулалтын ажил, зардалтай холбоотой ерөнхий сонсгол Төрийн ордонд болсон. Энэ өвөл нийслэлийн 200 мянга орчим өрхийг дулаан өвөлжүүлэхийн тулд 280 мянган тонн хагас коксожсон нүүрс импортолж, 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш дотоодоос худалдаж авна. Нийт дүн нь 288 тэрбум төгрөг бөгөөд үүн дээр нэмэгдээд өнгөрсөн өвөл 5 мянган өрхийг хийн халаагуурт шилжүүлсэнтэй холбоотойгоор ОХУ-аас нэг тонн тутмын 380 доллараар авч байсан хий энэ жил 550 доллар болж өссөн. Ийнхүү зардал нэмэгдсэн ч ирэх өвлийн түлшийг худалдан авахаар шийдсэн. Монгол Улс нүүрснийхээ хамгийн том нийлүүлэгч хэр нь өөрийнхөө нүүрсийг хамгийн хямд үнээр Хятад улс руу экспортолж, боловсруулсны дараа өндөр үнээр буцаан худалдан авдаг. НИТХ-ын төлөөлөгч А.Баяр үүнийг “түүхэд үлдэх” үйл явдал гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн. Төлөөлөгч О.Зундуйдорж ч мөн адил “Нийслэлийн өмнөх удирдлагууд утааг ялаа гээд маш олон пиарууд хийж байсан. Яг бодит үр дүн нь өнөөдрийг хүртэл бид галаа түлээд л сууж байна. Өөрсдөө үйлдвэрлэлээ хийж чадахгүй байна" хэмээн шүүмжиллээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа “Өнгөрсөн жил яг л ийм нүүрс импортолж байхдаа хотын удирдлагууд дараа жил Багануурт үйлдвэр барьж, дотооддоо үйлдвэрлэнэ гэж хэлсэн. Энэ жил дахин худалдан авалт хийх 310 тэрбум төгрөгийг оруулж ирж байна. Өнгөрсөн жил нэг л удаа гэсэн. Ирэх намар та нар яг юу түлэх вэ гэхэд Багануурын хөх нүүрсийг түлнэ гэсэн. Гэвч өнөөдрийн байдлаар энэ хэрэгжээгүй. Хөрөнгө оруулалтын зардал 432.2 тэрбумаар буурч, урсгал зардлыг санхүүжүүлж орж ирж байна. Энэ бол маш муу үзүүлэлт” хэмээн онцлон хэлсэн юм. Мөн энэ оны төсвийн тодотгол дээр 32 тэрбумаар зуух авах асуудал яригдсан ч хариулах албан тушаалтан байсангүй.
Сэлбэ дэд төвийн бонд ч ижил нөхцөл байдалд байна. 500 сая долларын бонд гаргаж, гэр хорооллын иргэдэд “хямд” орон сууц барина гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар уг орон сууцны метр.кв нь хотын төвийн А зэрэглэлтэй дүйцэх буюу 4.6 сая төгрөг байна. 7 буудал бүтээн байгуулалтын ажил хийж, 8 сараас борлуулж эхлэн, олсон орлогоороо 2027 оны 8 дугаар сард бондоо төлнө гэсэн боловч орлого бүрдэхгүй байгаа тул хойшлуулах асуудал яригдсан. 30 гаруй жил, хэдэн их наяд тоолшгүй амлалтын дараа нийслэлийн гэр хорооллын өрхүүд өнөөдөр ч гал түлж байна. Хотын дарга 6 дугаар сарын 25-наас шинээр шилэн данстай холбоотой платформ нээх бөгөөд үүн дээр бүх мэдээлэл байна гэж мэдэгдэж байгаа ч өнгөрсөн хугацаанд яг хэр их хэмжээний мөнгө үрэгдсэн бэ гэдэг нь олон нийтэд тодорхойгүй хэвээр байгаа билээ.
Ийнхүү НИТХ ээлжит бусаар өнгөрсөн баасан гарагаас хуралдаж, өчигдөр /2026.06.23/ төсвөө гурав дахь удаагаа тодотгон баталлаа.






