Намрын дунд сар аль хэдийн дундаа оржээ. Их хотод намрын жиндүү өдрүүд эхэлж, шиврээ бороо орсон өдрүүд үргэлжилж байна. Хичээл, сургууль, ажил гээд найман настай балчираас эхлээд 80 настай буурлууд хүртэл Улаанбаатар хотын гудамжаар завгүй алхана. Замын хөдөлгөөнд автомашинууд тэгш сондгой дугаарын хуязгаарлалтаар явж байсан бол тус хязгаарлалт дуусаж бүхий л автомашин замын хөдөлгөөнд оролцож түгжрэл ч их. Энд тэндгүй автомашины дуут дохио дуугарч, иргэдийн урсгал тасралтгүй үргэлжилж, шарлан унах навчийг ч анхаарах сөхөөгүй хүн бүр хаа нэгтээ яарсаар.
Бид нэгэнт их хотын нэг хэсэг болсон учир хотын хэмнэлд уусан ууссаар. Энэ хурдыг дагаад цаг хугацаа ч хурдан өнгөрдөг мэт. Тэгвэл энэ хурдтай хэмнэлээс зайлсхийн өөрийнхөө амьдрах орчныг өөрөө цогцлоон бий болгож буй С.Хүчитбаатар болон түүний гэргий Ч.Оюуныг манай редакц онцолж байна. Та ч бас завгүй амьдралын хэв маягаасаа түр амсхийж, халуун цай, кофе уунгаа тэдний гэрээр хоромхон аялаарай.
ЧД-ийн 13-р хорооны иргэн С.Хүчитбаатар, гэргий Ч.Оюуны хамт амьдардаг. Тэд хоёр хүү, нэг охинтой. Хүүхдүүд нь бүгд гэр бүлтэй болж тусдаа гарчээ. Хоёр хүү арлын Япон улсад ажиллаж, амьдардаг бол охин нь Улаанбаатарт бий. Тэдний том хүү “Toyota” компанид ажилладаг ажээ. Тэд 10 гаруй ач зээтэй аж төрөн амьдарч байна.
С.Хүчитбаатар, Ч.Оюун нар 2001 онд Баянхонгор аймгаас Улаанбаатар хотод суурьшихаар орж иржээ. Улмаар Хайлаастад амьдарч эхэлсэн. Угтаа бол С.Хүчитбаатар гуай Хайлаастад өсөж төржээ. Ирж суурьшсан газар нь өсөж төрсөн байшингийнх нь ойролцоо байж. Аав ээж нь тухайн үедээ байранд орохоор хашаа байшингаа худалдсан байжээ.
С.Хүчитбаатар гуай автобусны буудал руу явах бүртээ хашааныхаа хажуугаар өнгөрч багадаа аав ээж, ах эгчтэйгээ тоглон наадаж өссөн дурсамж нь тодордог байв. Улмаар эхнэртэйгээ ярилцаж, мөнгөө цуглуулсаар 2004 онд аав ээжийнхээ хашаа байшинг худалдан авчээ. Нэг үгээр хэлбэл одоо түүний амьдарч байгаа энэ хашаа байшин бол өөрийнх нь өсөж торниж, хүүхэд насныхан бүхий л нандин дурсамж шингэсэн газар юм. Улмаар түүний гурван хүүхэд ч энэ газар өсөж торнижээ. Цаг хугацаа ч явж, хүүхдүүд нь том болж, тусдаа гарснаар аав ээжийгээ байранд орохыг санал болгожээ. Гэвч тэд эрс татгалзсан. Учир нь гэрээсээ гараад л гадаа цэвэр агаарт, өөрийнхөөрөө байх боломж нь хашаа байшин хэмээн С.Хүчитбаатар, Ч.Оюун нар үзжээ. Харин амьдарч байгаа орчноо өөрсдийн гараар гоё болгон тохижуулахыг хүссэн байна. Улмаар хүүхдүүдтэйгээ хамтран ус, дулаанаа шийджээ.





Тодруулбал С.Хүчитбаатарын гэр бүл байшингийнхаа дулааныг цахилгаанаар шийджээ. Тэд дулааны системдээ суулгасан юнителийн дугаар руу утсаар залгаж цахилгаанаа залгаж, салгадаг. Давхар мессеж ирж дохио өгдөг байна.Мөн халуун, хүйтэн усны асуудлаа бүрэн шийдсэн байна. Энэ бүхнийг тэдний хүргэн болох н.Энхбат инженерийн шийдлийг нь хийжээ. Ингэснээр нүүрс түлэхгүй, ус зөөхгүй амьдарч байна. Түүнчлэн хашаандаа 34 нэр төрлийн мод тарьж, жимс хураан авч байна. Тухайлбал монос, үхрийн нүд, мойл, гацуур, нарс, гоёлын мод зэргийг тарьж ургуулж байна. С.Хүчитбаатар, Ч.Оюун нар байранд орохоос татгалзаж, цэвэр агаарт ая тухтай амьдрахыг илүүд үзсэн нь энэ юм. “Хүн өөрийнхөө амьдрах орчныг өөрсдөө бий болгодог” хэмээн тэд ярих дуртай. Тэдний байшин 80 мкв. Том өрөөндөө гал тогоогоо хамт шийдсэн бөгөөд унтлагын өрөө болон зочид ирэхэд байрлуулах унтлагын өрөө, ариун цэврийн өрөөнөөс бүрддэг. Усны 2,5 тонн бүхий нөөц савтай. Энэ усыг тэд нэг удаадаа дүүргэснээр сар гаруй хэрэглэдэг ажээ. Хүссэн үедээ халуун усанд орох боломжтой тэд байранд байгаагаас илүү ая тухтай, дуу чимээний бохирдолгүй бас стресс бухимдалгүй амьдардаг талаараа онцоллоо.


Үнэхээр л хашаагаар нь орохоос эхлээд модны чийглэг агаар үнэртсээр биднийг угтсан энэ хашаанаас Улаанбаатар хот маш үзэсгэлэнтэй харагддаг аж. Эсрэг талын уулан дахь айлууд, хааяа нэг машин явж харагдах авто зам, хотын төвийн өндөр барилгууд гээд алган дээр тавьсан мэт л харагдана. Халуун кофе уугаад л хараад суухад сэтгэл тайвшрам, амгалан. Намрын налгар өдрүүд эхэлж навчис өнгө өнгөөр найган байгааг хэлэх үү сэтгэл санаа хөвсөлзүүлэм энэ зураглал нүд булаам. Тэр тусмаа хаашаа ч яарахгүй, бүх тав тухаа өөрсөддөө бүрдүүлж чадсан С.Хүчитбаатар, Ч.Оюун нарыг хараад бахархах сэтгэл төрнө. Тэд улс эх орныхоо төлөө хөдөлмөрлөх үедээ хөдөлмөрлөж, үр хүүхдүүдээ маш сайн өсгөснийхөө үр шимийг хүртээд сэтгэл тэнүүн сууна уу гэлтэй. Тэд мөн хашаандаа гурван нохой, нэг мууртай. Автомашины гарааш нь мөн автомат хаалгатай. Дулаанаа мөн цахилгаанаар шийджээ. Гаднаа зочидтойгоо хооллох, амрах сүүдрэвчтэй. Мөн сүүдрэвчийнхээ хажууд пийшинтэй. Эдгээрийг С.Хүчитбаатар гуай өөрийн гараар хийжээ. “Зан сайтай айлд хүн болгон цугларна. Замаг сайтай нууранд загас болгон цуглана” гэгчээр энэ айлд зочдын хөл тасардаггүй аж. Биднийг ч мөн дараа дахин ирэхийг урьсаар тэд амар амгалангийн өргөө гэртээ инээмсэглэн гараа далласаар биднийг үдлээ. Хааяа ч гэсэн амсхийх, амрах чөлөөг өөртөө олгож, амьдралынхаа тав тухтай гоё орчныг бүрдүүлээрэй хэмээн энэ сурвалжилгаа өндөрлүүлж байна.





