Боловсролын сайдын 2026 оны А/356 дугаар тушаалаар байгуулагдсан салбарын мэргэжлийн ажлын хэсэг энэ сарын 12-ноос 16-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллаж байна. Тус ажлын хэсэг нь орон нутгийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх зорилготой юм.
Бүх шатны сургалтын байгууллагыг хамруулна
Томилолтын хугацаанд ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Боловсролын газар, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжлийн боловсролын байгууллагууд, Монгол Улсын Боловсролын их сургуулийн (МУБИС) Баян-Өлгий дэх салбар сургууль, мөн Насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагаатай иж бүрэн танилцаж байна.
Ажлын хэсгээс сум, байгууллага тус бүрд хүрч ажиллах бөгөөд дараах үндсэн чиглэлүүдээр үнэлгээ, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:
-
Хууль тогтоомжийн хэрэгжилт, сургалтын хөтөлбөрийн чанар, хос хэлний боловсролын баримтлах чиглэлийн биелэлт.
-
Багш нарын хүртээмж, тасралтгүй хөгжил, удирдах ажилтны чадамж, хүний нөөцийн төлөвлөлт.
-
Сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүний хангалт, төсвийн санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл.
-
Боловсролын үйлчилгээний тэгш хамран сургалт болон хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар.
Хээрийн судалгаа болон зөвлөн туслах ажлын үр дүнд үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах юм.
Иргэдэд зориулсан шууд зөвлөгөө, тусламжийн цэг ажиллаж байна
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн зөвхөн байгууллагуудын үйл ажиллагааг шалгахаас гадна иргэд, эцэг эхчүүдэд чиглэсэн дараах гурван үндсэн чиглэлээр биечлэн зөвлөгөө өгч байна:
-
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол: Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон багш нарт зориулсан мэргэжил, арга зүйн дэмжлэг.
-
Дээд боловсролын баримт бичиг: Дипломын бүртгэл, баталгаажуулалтын талаарх зөвлөгөө, мэдээлэл.
-
Элсэлтийн шалгалт: Шалгалтад амжилттай бэлтгэх арга зүйн зөвлөмж.
Дээрх чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл авахыг хүссэн иргэд 2026 оны 10 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Төрийн үйлчилгээний байрны 4 дүгээр давхарт байрлах Боловсролын газар дээр очиж үйлчлүүлэх боломжтой.
Энэ удаагийн зөвлөн туслах багт Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвийн газар, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд, эрдэм шинжилгээний ажилчид, арга зүйчид, хяналтын байцаагч болон аудиторуудын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүн ажиллаж байна.




