COP-17 ба сураггүй 1 тэрбум: Мөнгө нь урссан ч сураг нь гараагүй чуулган

Монгол Улсад 2026 оны 8 дугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ын бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба (ЗГХМОНГ)-наас мэдээлэл өглөө.

ЗГХМОНГ-ын дарга Б.Төгсбаярын тайлбарлаж буйгаар, уг хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд өмнөх онуудад хийгдсэн хэвлэл мэдээллийн гэрээ, зарцуулалтуудтай холбоотой зарим асуудал үүссэн байна.

Хэвлэл мэдээллийн төсөв ба өмнөх онуудын гэрээнүүд

  • Төсвийн зарцуулалт: Сүүлчийн байдлаар COP-17 хурлын бэлтгэл ажлын хүрээнд хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаанд зориулж 1 орчим тэрбум төгрөг төсөвлөгдөн зарцуулагдаад байгаа аж.

  • Аудит хийх шаардлага: 2024, 2025 онд хийгдсэн зарим гэрээ, санхүүжилтийн зүй зохистой байдал, хууль зөрчсөн эсэх асуудлыг нягтлах шаардлага үүссэн тул дотоод аудит оруулж, дүгнэлт гаргуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж байгааг мэдэгдлээ.

  • Шилэн дансны мэдээлэл: Тус төсөв болон гэрээтэй холбоотой бүх санхүүгийн мэдээллүүдийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны шилэн дансанд ил тод байршуулсан бөгөөд иргэд, олон нийт нээлттэй харах боломжтой юм.

Одоогийн нөхцөл байдал ба цаашдын төлөвлөгөө

  • Шинэ гэрээ хийгдээгүй: Өнөөдрийн байдлаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны зүгээс COP-17-той холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нэг ч шинэ гэрээ байгуулаагүй бөгөөд хууль бус санхүүжилт олгохгүй гэдгээ илэрхийлэв.

  • Хэвлэлийн цэг болон мэдээллийн ил тод байдал: Маргаашнаас эхлэн "Монцамэ" агентлаг дээр COP-17 хурлын хэвлэлийн тусгай цэг (Press Center) ажиллаж эхэлнэ. Эндээс хурлын бэлтгэл ажил, зам тээвэр, логистик, бүтээн байгуулалт зэрэг салбар бүрийн мэдээллийг хэвлэл мэдээллийн салбарынханд болон олон нийтэд нээлттэй, шуурхай хүргэх юм.

ТОДРУУЛГА ЯРИЛЦЛАГЫГ ҮЗЭХ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ын бэлтгэл ажлын хүрээнд хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаанд зориулж 1 орчим тэрбум төгрөг хэдийнэ төсөвлөн зарцуулжээ. Сар бүр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд рүү тогтмол шилжүүлэг хийж, чамгүй төсөв цацсан ч бодит байдал дээр иргэдийн дийлэнх нь "COP-17" гэж ямар хурал, ямар ач холбогдолтой болохыг ойлгох нь битгий хэл сонсоо ч үгүй сууна.

Татвар төлөгчдийн тэрбум төгрөг хэвлэлүүдийн данс руу сар бүр "чимээгүй" урсч байхад олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа нь яагаад байхгүй, үр дүнгүй байна вэ? Энэ нь төсвийн мөнгийг үр ашигтай мэдээлэл түгээхэд биш, ердөө л хэвлэлийнхний амны хаалт болгон "сар бүрийн цалин" байдлаар тараагаад дуусгасан уу гэх хардагыг төрүүлж байна. Мөнгө нь гарсан ч мэдээлэл нь хүрээгүй энэ үйл явдалд одоо аудитын шалгалт биш, бодит хариуцлага ба ил тод байдал шаардлагатай байна.