Нөмрөгийн дархан цаазат газарт их хэмжээний гал түймэр гарч, байгаль орчин сүйдсэн талаар мэдээлэл цацагдаж, тухайн үед УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тус газарт байсан гэх хардлага яригдах болсон. Энэхүү асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн У.Отгонбаяр байр сууриа илэрхийлж, тухайн үед Улаанбаатар хотод байсан гэдгээ мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн У.Отгонбаярын мэдээлж буйгаар, Тэрбээр өнгөрсөн хугацаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар гэсэн гурван аймагт тойргийнхоо иргэдтэй уулзаж, ажилласан. Албан ёсны мэдээллээр Нөмрөгийн дархан цаазат газарт гал 10 дугаар сарын 8-ны өдрийн 11 цаг 55 минутад гарсан гэж дуудлага ирсэн байна. 10 дугаар сарын 8-ны өдөр тэрбээр Улаанбаатар хотод чуулганд сууж байсан бөгөөд хоёр цагаас эхэлсэн чуулганд 13 цаг 40 минутад ирж оролцсон болохоо баримтаар нотлох боломжтой гэдгээ онцолжээ.
Мөн түүнээс өмнө буюу 10 дугаар сарын 6-ны өдөр Сүмбэрийн авто зам дээр ССАЖЯ-ны холбогдох арга хэмжээнд аймаг, орон нутгийн удирдлагуудын хамт оролцож байсан бөгөөд тухайн үед олон нийтийн сүлжээнд түүний өдөр тутмын үйл ажиллагаа ил тод байршсан байсныг тэрбээр дурдсан юм.
Тэрбээр хэвлэлд өгсөн тайлбартаа, Дархан цаазат газарт хэн дуртай нь дур мэдэн нэвтэрдэггүй, ямар нэгэн байдлаар аялах, зугаалах боломжгүй бөгөөд хууль бусаар гарсан түймэртэй холбоотой ямар ч хамааралгүй гэдгээ хатуу мэдэгдсэн байна. Байгаль орчинд хохирол учруулсан, гал тавьсан эзэн холбогдогч олдохгүй байгаа бол энэ нь тусдаа асуудал бөгөөд хууль хяналтын байгууллага уг асуудлыг нягтлан шалгаж, хатуу хариуцлага тооцох ёстой гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Улс төрийн өнцөгөөс харлуулсан, ташаа мэдээлэл тарааж байгаа явдлыг зогсоож, бодит үнэн мэдээллийг олон нийтэд хүргэхийг холбогдох хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүссэн байна.



