Маргааш буюу 1-р сарын 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч ЭРС чангарна

16-нд Хангайн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар, 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 18-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 16, 17-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -44...-49 градус, өдөртөө -32...-37 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -27...-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -18...-23 градус, бусад нутгаар шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -21...-26 градус хүйтэн байна. 

Өвлийн улиралд малын бэлчээрлэлт агаарын температур -32°C , салхигүй байх үеэс хүндэрч -41°C хүрэхэд саатдаг байна. 1 сарын 15-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -25...-45 градус, өдөртөө -18...-35 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа тул малчид иргэддээ дараах зөвлөмжийг хүргэж байна.

-Малыг хэвтрээсээ даарахад анхаарч хашаа саравчны дулаан алдагдуулахгүй хадгалах ажилд анхаарах

-Хүйтний оргил өдрүүдээр малыг тэжээх, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хужир шүү нэмэлтээр өгөх

-Ялангуяа их хүйтэнд бог мал хашаа хороо, нөмөр нөөлөг газарт олноор бөөгнөрснөөс дарагдаж, үхэж хорогдох нөхцөл үүсдэг тул анхаарах

-Малаа ойрын бэлчээрт энгэр ээвэр, нөмөр газраар бэлчээрлүүлэх