Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг 4.89 их наяд төгрөгийн зарлагатай, 4.6 их наяд төгрөгийн орлоготой байхаар өргөн барьсан. Иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, судалгаа явуулсны үндсэн дээр агаар орчны бохирдол, замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмжгүй байдал, засаглалын тогтворгүй байдлын асуудалд тулгуурлан “иргэн төвтэй төсөв” хэмээх зарчмыг баримталж боловсруулсан гэдгээрээ онцлог.
Энэ хүрээнд ирэх жил нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахад парк шинэчлэл хийж том оврын багтаамж ихтэй тээврийн хэрэгсэлийг нэвтрүүлэх, түгжрэлийг бууруулахад замын хөдөлгөөний ачаалал их, шаардлагатай хэсгүүдэд шинэ зам, дэд бүтэц байгуулах, агаар орчны бохирдлыг бууруулахад чиглэлд яндан цөөлж, цахилгаан их үүсвэртэй халаагуур нэвтрүүлж ажиллахаар төсөвт тусгаад байна. Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга 2027 онд үр ашиггүй 1000 гаруй орон тоог цомхотгож, мөн тооны аж ахуй нэгжийг нэгтгэх, шаардлагатай бол татан буулгах маягаар цомхон бүтэцтэй шуурхай ажиллахыг зорьж байгаа аж.
Төсөлд анхаарал татах хэд хэдэн төсөл, арга хэмжээ байгаагаас нөөцийн махны хүүгийн хөнгөлөлтөд 30.5 тэрбум тусгаж, махны зардлыг 3.5 дахин нэмэгдүүлсэн байв. Энэ талаар УБХЗАА-ны хүнс, худалдаа үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “ Энэ жил нөөцийн махыг арилжааны банкны зээл, өөрийн хөрөнгө, бондын хөрөнгөөр гэсэн 3 эх үүсвэрээр бэтгэж байгаа. 30.5 тэрбум төгрөг бол дээрх эх үүсвэрээр бэтгэх махны арилжааны банкны зээлийн хүүгийн хөнгөлөлт, өөрийн хөрөнгөөр бэлдэх махны үнэтэй дүйцүүлсэн хүүгийн хөнгөлөлт, бондын эх үүсвэрийг арилжааны банктай дүйцүүлэн олгох 12 хувийг оруулсан дүн юм. Нийт арилжааны банкны зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 6.3 тэрбум, өөрийн хөрөнгөөр бэлтгэхэд 7 тэрбум, бондын эх үүсвэрээр бэлтгэхэд 9.4 тэрбум тус тус олгоно. Бид 2028 онд 8000 тонн мах бэлтгэхэд зориулж 7.9 тэрбум, мөн энэ махны 9, 10,11, 12 сарын хүүгийн хөнгөлөлтийг тусгаад нийт 30.5 тэрбумыг тусгахаар санал өгсөн” гэв.
Нөөцийн мах бэлтгэх сонгон шалгаруулалтад 27 аж ахуй нэгж оролцсоноос шаардлага хангасан 14 аж ахуй нэгжтэй 6000 тонн мах бэлтгэхээр гэрээлжээ. Үүнээс гадна өөрийн хөрөнгөөр мах бэлтгэх хүсэлт 7 аж ахуй нэгж ирүүлснээс 5 аж ахуй нэгжтэй гэрээлэхээр болжээ. Харин бондын эх үүсвэрээр бэлтгэх гэрээ байгуулсан аж ахуй нэгж байхгүй байна.
Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд анхаарал татахаар хэд хэдэн төсөл, онцлох арга хэмжээ багтжээ.Тухайлбал:
Үндэсний баяр наадмыг зохион байгуулахад 10 тэрбум
Дэлхийн адууны өдөр арга хэмжээнд - 4.5 тэрбум
Хүннү хотын Захирагчийн ажлын алба - 4.2 тэрбум
Агро-сити эдийн засгийн тусгай бүсийн захирагчийн ажлын алба - 3.3 тэрбум
Нөөцийн махны хүүгийн хөнгөлөлт - 30.5 тэрбум
Хэвлэл мэдээллийн зардал - 750 сая
Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс - 2.8 тэрбум
Сайжруулсан түлш тээвэрлэх, хадгалах, хяналт тавих, урамшуулал олгох, шингэрүүлсэн шатдаг хий болон цахилгаан халаалтад шилжүүлэх арга хэмжээнд - 76.8 тэрбум
Коксжсон нүүрсний зардалд - 400 тэрбум
Өвөлжилтийн бэлтгэлд - 400 тэрбум
Нийтийн тээврийн бодлогын газарт - 477 тэрбум
Нийслэлийн үнэт цаасны хүүгийн болон свопын төлбөрт - 328 тэрбум
Томилолт, зочны зардалд - 3 тэрбум
Хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнд - 855 тэрбум
1,918 хэсгийн ахлагчийн урамшуулал /нэг хүнд сард 1.5 сая төгрөг/ - 34.5 тэрбум
төгрөгийг тус тус тусгаад байна.


