Өнөөдөр /2026.10.09/ хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн төлөөлөл төв талбайд жагслаа. Тэд мөнгөн тэтгэмж нэмэгдүүлэх асуудлаар бус ГБХНХ-ийн сайд Т.Аубакирийг шүүмжлэн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Дэлгэрэнгүй сурвалжилга https://www.facebook.com/share/v/1FPx5EeMyn/
Тэгвэл нөгөө талаас хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ төр анхаарч чадаж байна уу гэдгийг тоон статистикаас харцгаая.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд төрөөс олгох тэтгэмж, тусламжийн хэмжээг нэмэгдүүлж, үйлчилгээний төрөл, хүртээмжийг жил бүр өргөжүүлж иржээ. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн нийгмийн халамжийн зардлын өсөлт юм. 2025 онд 357.1 тэрбум төгрөг байсан тус зардал 2026 онд 456.3 тэрбум төгрөг болж нэмэгдсэн бол 2027 оны төсөвт 539.1 тэрбум төгрөгөөр тусгаж, тодотголоор 600 тэрбум төгрөгт хүргэхээр тооцжээ.
Тэтгэмжийн хэмжээ ч тогтмол өсөж байна. Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 2024 онд 375 мянган төгрөг байсан бол 2025 онд 397.5 мянга, 2026 онд 478 мянган төгрөг болж нэмэгдсэн. Мөн 2026 оны 11-12 дугаар сард 600 мянган төгрөгт хүрэхээр тооцсон байна.
Асаргааны тэтгэмж 2024 онд 275 мянган төгрөг байсан бол 2025 онд 448 мянга, 2026 онд 484 мянган төгрөг болж өсөж, 2026 онд 484 мянган төгрөг болж өсөж, 2026 оны сүүлчээр 600 мянган төгрөгт хүрэхээр байна.
Харин байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон асран хамгаалагчид олгох сар бүрийн дэмжлэг 2024 онд 650 мянган төгрөг байсан бол 2026 онд 1.062 сая төгрөг болж, 2026 оны 11-12 дугаар сард 1.3 сая төгрөгт хүрэхээр тооцжээ.

Тэтгэмжээс гадна бодит хэрэгцээнд чиглэсэн үйлчилгээ нэмэгдэв
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд протез, ортопед, тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлт, түлшний дэмжлэг, унаа, харилцаа холбоо, рашаан сувиллын зэрэг олон төрлийн тусламж, хөнгөлөлт үзүүлж байна. Зөвхөн 2025 онд эдгээр тусламж, хөнгөлөлтөд 51,394 хүн хамрагдаж, нийт 12.37 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, боловсролыг дэмжихэд анхаарч, хөдөлгөөн засал, хэл засал, хөдөлмөр засал, боловсрол болон асран хамгаалагчдад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх төвийн үйлчилгээг бий болгожээ. Энэ үйлчилгээнд 2026 онд 8.2 тэрбум төгрөгийн төсөв баталж, 556 хүүхдийг хамруулж байна.
Түүнчлэн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд жилд 600 мянган төгрөгийн живхний үнийн хөнгөлөлт олгож эхэлсэн нь өрхийн өдөр тутмын зардлыг бууруулахад чиглэсэн шинэ дэмжлэгийн нэг болж байна.
Цаашид хэрэгцээнд нь нийцсэн үйлчилгээг нэмэгдүүлнэ. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зөвхөн халамж хүртэгч гэж харах бус, бие даан амьдрах, суралцах, хөдөлмөр эрхлэх, нийгмийн амьдралд оролцох боломжийг нь нэмэгдүүлэх чиглэлд үйлчилгээг шинэчлэхээр ажиллаж байна.
Тухайлбал, хүний хэрэгцээ, чадварыг цогцоор үнэлж, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, сэргээн засалт, асаргаа, хувийн туслах, туслах хэрэгсэл зэрэг үйлчилгээг тухайн хүний хэрэгцээнд нийцүүлэн хүргэх шинэ тогтолцоог хөгжүүлж байна.
Ийнхүү сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөв, тэтгэмжийн хэмжээ төдийгүй үйлчилгээний төрөл, хүртээмжийг шат дараатай нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг нь сайжруулахад төрөөс тогтмол анхаарч ажиллаж иржээ.





