Испанийн өмнөд хэсэгт орших Кордова мужийн Адамус (Adamuz) суурингийн ойролцоо хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 24 хүн амиа алдаж, 245 хүн гэмтэж бэртсэн байна.
Осол ням гарагийн оройн 19:40 цагийн орчимд гарчээ. Малага хотоос Мадрид руу чиглэн явж байсан "Iryo" компанийн хурдны галт тэрэг замаасаа гаран хажуугийн зам руу орсон байна. Улмаар эсрэг чиглэлд буюу Мадридаас Уэльва руу явж байсан "Renfe" компанийн галт тэрэгтэй хүчтэй мөргөлджээ. Ингээд галт тэрэгний зарим вагон замаасаа гарч, 4 метрийн өндөр далангаас доош унасан байна.
-
Амиа алдсан иргэд: Одоогийн байдлаар 24 хүн нас барсан нь тогтоогдоод байна.
-
Гэмтэгсэд: Нийт 245 хүн гэмтсэнээс 15 хүний биеийн байдал маш хүнд, амь насанд нь аюултай байгааг албаныхан мэдээлж байна.
-
Аврах ажиллагаа: Ослын газар шөнийн турш аврах ажиллагаа үргэлжилсэн бөгөөд Кордова мужийн ерөнхийлөгч Хуанма Морено ослын талбайг "маш аймшигтай, хүнд дүр зурагтай" байгааг онцолжээ.
Испанийн Тээврийн сайд Оскар Пуэнте ослын шалтгааныг "маш хачирхалтай" гэж тодорхойлсон байна. Учир нь осол гарсан зам нь саяхан буюу 2025 оны тавдугаар сард 700 сая еврогоор шинэчлэгдсэн, шулуун хэсэг байжээ.
"Зам техникийн хувьд төгс байх ёстой бөгөөд галт тэрэгнүүд нь дөнгөж дөрвөн жилийн насжилттай шинэ техник байсан" гэж сайд мэдэгдэв.
Одоогийн байдлаар Испанийн өмнөд бүсийн бүх хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна. Испанийн Хаан болон Ерөнхий сайд Педро Санчес нар хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.





