Сэлэнгэ аймагт сураггүй болсон иргэнийг 4 хоногийн дараа олжээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих 1 дүгээр багийн “Жаргалантын ам” гэх газарт 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хонио эргүүлэхээр морьтой гарсан 56 настай, эрэгтэй иргэн сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газар, сумын мэргэжлийн анги, ар гэрийнхэн хамтран нийт 31 хүн, 7 автомашин, 14 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 161 км талбайд эрлийн ажиллагаа явуулсан.
 
Эрэн хайх ажиллагааны үр дүнд тухайн иргэнийг 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12:27 цагт олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө. Тус иргэнийг алга болсноос дөрөв хоногийн дараа ийнхүү эсэн мэнд оллоо.
Сураггүй алга болсон иргэнийг олсон Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын алба хаагч, ахлах дэслэгч Б.Мөнгөншагай “Иргэн хөгжлийн бэрхшээлтэй байсан. Гэрээсээ ойролцоогоор таван км зайд уулын өөд өгсөж явах үед нь олсон. Хониндоо морьтой явж байгаад мориноосоо бууж, дараа нь морио ололгүй төөрсөн. Биеийн байдлын хувьд гар нь бага зэрэг хайрагдсан байдлаас өөр ноцтой гэмтэл тогтоогдоогүй. Юу болсон талаар тухайн хүнээс асуухад “Мориноосоо буугаад морио олж чадаагүй, төөрсөн. Юу болсныг сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн” гэж мэдээллээ.
 
Мөн болзошгүй аюул, эрсдэл тохиолдсон үед 3 үгт хаяг буюу what3word-аар дуудлага, мэдээлэл өгөх боломжтой бөгөөд энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглахыг зөвлөж байна.
Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн өөрийн байгаа газрынхаа хаягаа мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй үед “what3word” программыг ашиглан 3 үгт хаягаа ирүүлснээр дуудлагын байршлыг нарийвчлалтайгаар тогтоож, цаг алдалгүй шуурхай мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлдэг юм.