НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн туршид эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан тухай түүний эхнэр О.Нарангарав хэвлэлд мэдээлж олны анхааралд өртсөн. Тодруулбал, 2025 оны 10-р сарын 13-ны өдрөөс эхлэн Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн юм. Улмаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзэн Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа хийж эхэлсэн.
Улмаар Б.Эрдэнэсүх нь гэр бүлийн харилцаатай хүнээ зодож, харгис хэрцгий хандсан, дээрх гэмт хэргийг хүүхдүүдийн эсрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөртлөө бусдын тээврийн хэрэгсэлд байршил тогтоох төхөөрөмж байршуулж мөрдөн мөшгөсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Б.Эрдэнэсүх удаа дараалан буюу 22 жилийн туршид гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн атал нэг ч хэрэг нь хуулийн байгууллагаар эцэслэгдэж, ял эдэлж байгаагүй байна. Түүний эхнэр "Гэр бүлийн хүчирхийллийнх нь талаар цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгдөг ч цагдаа, прокурорын байгууллагад ирээд гацдаг. Хамраа хугалуулж, нүдээ таглартал зодуулсан ч хэрэг үүсгэдэггүй. Цагдаа, прокурорт найз олонтой учир тэр байх" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм.





